Шадар сайд У.Хүрэлсүх МУЗН-ийн үйл ажиллагаатай танилцав

2017/03/27
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн /МУЗН/ үйл ажиллагаатай танилцлаа. Гамшгаас хамгаалах эрх зүйн орчин, менежментийн тогтолцоог боловсронгуй болгож, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг нь бууруулах, эртнээс сэрэмжлүүлэх үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулж, бүх нийтийн оролцоог сайжруулах, гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлэх зорилт Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан юм.

Энэ дагуу УИХ-ын намрын чуулганаар Гамшгаас хамгаалах тухай хуулийг шинэчлэн баталсан билээ. Уг хуулиар Улаан загалмай нийгэмлэг нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төрдөө нэмэлт хүч болж ажиллах эрх,үүргийг тодорхойлж өгсөн юм. Тодруулбал, Монголын улаан загалмай нийгэмлэг гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах сургалт сурталчилгааг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад Онцгой байдлын асуудал эрхэлсэн мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээж байна.

Мөн гамшиг, осол тохиолдсон үед олон улсын Улаан загалмайн хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, түгээх, эмзэг бүлгийн хүмүүст яаралтай тусламж үзүүлэх, амьжиргааг нь дэмжих үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах үүрэгтэй юм. Тиймээс Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр МУЗН-ийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ “Гамшгаас хамгаалах тухай хуулиар хүлээсэн үүргээ Монголын улаан загалмай нийгэмлэг амжилттай биелүүлж чадна гэдэгт итгэл төгс байна” хэмээн онцолж байв.
 
Мөн тэрээр “Монголын улаан загалмай нийгэмлэгийн хүчин чадлыг бэхжүүлэхэд Олон Улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Олон улсын Улаан загалмайн хороо, Үндэсний нийгэмлэгүүд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгааг Монгол Улсын Засгийн газар сайшааж байна”хэмээн онцоллоо гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна