Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын урилгаар тус улсад хийсэн албан ёсны айлчлалаа өндөрлөж, Бүгд Найрамдах Бангладеш Улсын нийслэл Дака хотноо өнөөдөр эхлэх Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 136 дугаар чуулганд оролцохоор хүрэлцэн ирлээ.
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 136 дугаар чуулганд оролцох үеэрээ ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн хуралдааныг даргалахын зэрэгцээ ОУПХ-ны Ассамблейн нэгдсэн хэлэлцүүлэгт "Тэгш бус байдлыг арилгах нь: Хүн төрөлхтнийг нэр төртэй, сайн сайхан амьдрах нөхцөлөөр хангах нь" сэдвээр үг хэлэх юм. Мөн тэрбээр улс орнуудын парламентын дарга нартай хоёр талын хэд хэдэн уулзалт хийнэ.
УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид ОУПХ-ны Ассамблейн 136 дугаар чуулганд оролцох нь энх тайвныг сахин хамгаалах, улс орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх талаарх парламентуудын хамтын хүч чармайлтад хувь нэмрээ оруулах, Тогтвортой хөгжлийн зорилтууд, түүний дотор тэгш бус байдлыг арилгах зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээрх манай улсын бодлого, арга хэмжээг танилцуулах, УИХ, ОУПХ-ны хооронд хөгжиж ирсэн хамтын ажиллагааг улам бэхжүүлж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Олон Улсын Парламентын Холбооны тухай
Дэлхийн улс орнуудын парламентыг бүхэлд нь нэгтгэсэн Олон Улсын Парламентын Холбоо нь анх 1889 онд Франц Улсын нийслэл Парис хотноо байгуулагдсан бөгөөд өдгөө 171 жинхэнэ, 11 хавсарга /бүс нутгийн парламент/ гишүүнтэй. ОУПХ нь улс орнуудын парламент, парламентын гишүүд хооронд харилцаа холбоо тогтоож, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх; олон улсын эрх ашгийг хөндсөн, тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг хийж, зөвлөмж, тогтоол гарган, парламентуудын үйл ажиллагааг энэ чиглэл рүү хандуулах; парламентын үйл ажиллагааг сайжруулах болон түүний салшгүй хэсэг болох хүний эрхийг сахин хамгаалахад хувь нэмэр оруулах зэрэг үндсэн зорилготой.
УИХ, ОУПХ-ны хамтын ажиллагааны тухай
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурал Олон Улсын Парламентын Холбоо /ОУПХ/ -нд 1962 онд гишүүнээр элссэн. 1990-ээд оны эхээр Монгол Улс улс төр, эдийн засгийн хосолмол шилжилт хийж, шинэ тогтолцоонд шилжин, ардчилсан Үндсэн хуулийн /1992 он/ дагуу анхны байнгын ажиллагаатай парламентыг байгуулснаар УИХ, ОУПХ-ны харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан.
Монголын парламент ОУПХ-ны Ассамблейд гишүүнээр элссэнээс хойших өнгөрсөн 55 жилийн хугацаанд 1967, 1973, 1993 оноос бусад жилүүдэд нийтдээ 81 удаа төлөөлөгч илгээж, үүнээс 29 удаад нь дээд удирдлагын түвшинд оролцсон байна.
УИХ-ын даргын түвшинд УИХ-ын дарга Н.Багабанди 1994 онд 1, Р.Гончигдорж 1996 онд 1, Д.Дэмбэрэл 2011-2012 онд 3, УИХ-ын дарга З.Энхболд 2013 онд 1 удаа, УИХ-ын дэд дарга Ж.Гомбожав 1992-1996 онд 4, Ц.Элбэгдорж 1999-2000 онд 2, Ж.Бямбадорж 2000-2004 онд 6, Д.Лүндээжанцан 2004-2006 оны хооронд 4, 2007-2008 онд 2, 2008-2010 онд 2, С.Баярцогт 2012-2013 онд 2, Л.Цог 2015 онд 1 удаа тус тус оролцож байжээ. Чингэхдээ олон улсын харилцааны тулгамдсан асуудлуудаар байр сууриа илэрхийлж ирснээс гадна бусад орны парламент, парламентын бүлгэмүүдтэй харилцаа тогтоон, харилцан сонирхсон асуудлаар санал солилцох, хамтран ажиллах зэргээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Сэтгэгдэл бичигдээгүй байна