Ардчилсан намын дотоод сонгууль өчигдөр болж өндөрлөсөнтэй холбогдуулан АН-ын дарга С.Эрдэнэ нарын хүмүүс өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийж санал хураалтын урьдчилсан дүнг танилцууллаа.
АН-ын дотоод сонгуульд аймаг, нийслэл, дүүрэг, намын үүрийн дарга зэрэг 17 мянган албан тушаалд 20 мянга гаруй нэр дэвшигч өрсөлджээ. Сонгуульд 152 800 гишүүн санал өгөх эрхтэй байсан бөгөөд дотоод сонгуулийн ирц 78 хувьд хүрсэн байна.
Үндэсний бодлогын хорооны сонгуульд 511 нэр дэвшигч бүртгүүлснээс дотоод сонгуулийн өмнө дөрвөн нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасч 506 нэр дэвшигч 380 суудалд өрсөлджээ. Мөн дотоод сонгуулийн үеэр 10 мянга гаруй гишүүн саналаа өгч чадаагүй нь Ардчилсан намын дотоод зохион байгуулалттай холбоотой учраас цаашид бүртгэлтэй холбоотой асуудлыг дахин гаргахгүй байхад анхаарч ажиллана гэлээ.
Мэдээлэл хийсний дараа АН-ын удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Үндэсний бодлогын хорооны сонгуулиас хэдэн нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хассан бэ?
-Үндэсний бодлогын хороонд нэр дэвшсэн 511 хүнээс сонгуулийн явцад нийт дөрвөн нэр дэвшигчийг дотоод сонгуулийн өмнө нэрсийн жагсаалтаас хассан. Дорнод аймгаас хасагдсан хоёр нэр дэвшигч нь АН-ын Хяналтын ерөнхий хорооноос тодорхой хугацаатай шийтгэл оногдуулсан байсан бөгөөд тэр шийтгэлийн хугацаа нь дуусаагүй учраас хассан. Дархан-Уул аймгаас мөн шийтгэл нь дуусаагүй гэсэн шалтгаанаар нэг нэр дэвшигчийг хассан. Сэлэнгэ аймгаас нэг нэр дэвшигчийг АН-ын дүрмийн хороонд гомдол ирсэн учраас тус тус нэрсийн жагсаалтаас хассан.
-УИХ-ын гишүүн асан С.Баярцогтыг нэрсийн жагсаалтаас яагаад хассан юм бэ?
-Нэр дэвшигч С.Баярцогтын хувьд намын тодорхой гишүүдээс санал гомдол ирсэн. Энэ гомдлын хүрээнд Үндсэн дүрмийн хороо хуралдаж, асуудлыг нь шалгах шаардлагатай гэж үзэж түр түдгэлзүүлсэн. Үндсэн дүрмийн хороо дотоод сонгуулийн дүн гарсны дараа дахин хуралдаж тодорхой шийдвэр гаргана. Ардчилсан нам өнөөдөр гишүүдийнхээ ёс зүй, хууль дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хатуу хяналттай ажиллана. Оффшор данстай байх асуудлын талаар С.Баярцогтын талаар гомдол ирсэн. Энэ асуудлаар өнөөдрийг хүртэл оффшорын талаар тайлбар, үйл ажиллагаа явуулаагүй байгаа учраас тодруулах шаардлагатай гэж бид үзсэн. АН шинэчлэлийн хүрээнд хариуцлагын асуудлыг давхар ярьж байгаа учраас С.Баярцогтын нэр дэвшихээс түдгэлзүүлсэн. Хэрэв шалгалтын дүнд зөрчилгүй гэж үзвэл дахин Үндэсний бодлогын хорооны гишүүнд нэр дэвших эрхтэй. АН-ын дүрмээр Үндэсний бодлогын хорооны гишүүнийг жил бүр сонгох, нийт гишүүдийн гуравны нэгийг жил бүр дахин сонгодог байхаар тусгасан. Тиймээс С.Баярцогтын хувьд дахин сонгогдох боломжтой.
-С.Баярцогтыг АН-аас хөөнө гэсэн мэдээлэл байна?
-Намын түвшинд С.Баярцогтыг намаасаа хөөх асуудал яриагүй.
Б.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна