Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүтэй цаг үеийн болон түүний хариуцсан салбарын зарим асуудлаар ярилцлаа.
-Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотын дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр олон ажил төлөвлөсөн байна лээ. Эндээс дэд бүтэц, авто замын ажил чухал байр суурь эзэлж байгаа байх. Энэ чиглэлд ямар томоохон ажил хийхээр төлөвлөсөн бэ?
-Энэ жил бид нэлээн олон шинэ зам тавина. Тухайлбал, Сонсголонгийн гүүр байна. Энэ гүүрний шав тавих ажлыг хийгээд, одоо барилгын ажил нь явагдаж байна. Ирэх тавдугаар сарын дундуур Замын цагдаагийн урд талын олон огтлолцолтой гүүрний ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа. Мөн Баянзүрхийн гүүр бас шинэчлэгдэнэ. Үүний дараа Баянзүрх –Налайх чиглэлийн 20.9 км зам тавигдана. Үүнээс гадна дөрвөн уулзварыг шинэчлэн өргөтгөхөөр төлөвлөсөн. Байшин хороолол дахь автозамуудын нэвтрэх чадварыг сайжруулах үүднээс 10 гаруй км замыг өргөтгөж, орц, гарцыг нь нэмэгдүүлэх гэх мэт олон ажил төлөвлөөд эхнээс нь хэрэгжүүлж байна. Ингэснээр жолооч нар ганцхан Энхтайваны өргөн чөлөөгөөр зорчих бус байшин хорооллын дундах замаар яваад дараагийн зам руугаа шилжих боломжтой болох юм.
Улаанбаатар хот авто замын мастер төлөвлөгөөтэй болж байгаа. Ерөнхийдөө хийгдээд дуусах шатандаа явна. Маш том судалгааны ажил болсон. Товчхондоо бид цаашдаа хаана, ямар замуудыг шинээр барих вэ гэдгийг тодорхойлсон томоохон бодлогын баримт бичигтэй боллоо.
Өмнө нь ямар ч төлөвлөлтгүй буюу хэн нэгэн их хурлын гишүүн, өөр нэг хурлын төлөөлөгч “энд зам тавья” гээд л эрээвэр хураавар байдлаар энд тэнд зам тавих байдал их байсан. Дээрх бодлогын баримт бичиг батлагдсанаар замбараагүй байдал ерөнхийдөө арилна.
-
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор зогсонги байдалд орчихлоо. Гэтэл орон сууцанд орно гэж итгээд газраа өгчихсөн олон хүн байна. Ойрын үед хүндрэлтэй энэ нөхцөл байдлаас гарч, иргэдийн асуудлыг шийдэх гарц байна уу?
-Нэг ахмад хүний хэлсэн үг санаанаас гардаггүй юм. Э.Бат-Үүл даргын эхлүүлсэн дахин төлөвлөлттэй холбоотой яриа юм л даа. “Эх орны дайн дөрвөн жил үргэлжилсэн. Үүний дараа амар амгалан амьдрал, бүтээн байгуулалт эхэлж байлаа. Гэтэл одоо дайн самуунтай үеэс ялгагдахгүй нөхцөлд амьдарч байна” гэсэн.
Дахин төлөвлөлттэй холбоотой үүссэн хүндрэл их байгаа ч эхнээс нь шийдээд явж байна. Амбаарт амьдарч байгаа айл өрх ч бий. Гэлээ гээд шийдэх л гэж ажил авсан болохоор арга зам олохыг чухалчилж байна.
Эхний ээлжинд 180 гаруй өрх айлыг бид ахмадын орон сууцанд түрээсээр шингээсэн. Цаана нь дахиад орон гэргүй 490 гаруй айл бий. Бид компанийн захирлуудтай уулзаж энэ айлуудыг түр орон сууцаар хангах түрээсийн мөнгийг нь шийд, ажлаа хурдан эхлүүлж энэ айлуудыг орон гэртэй болго гэдэг чиглэлийг өгсөн.
- Та жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих, цаашлаад үйлдвэрлэл технологийн паркуудыг байгуулах, үйлдвэржүүлэлтийг эрчимжүүлэх шаардлага байгааг онцолж байсан. Энэ ажлын эхлэл тавигдсан уу?
Монгол улсын Засгийн газрын 21 аймагт 100 үйлдвэрийн парк байгуулна гэсэн хөтөлбөр байдаг. Мөн үүн дээр нэмэгдээд Улаанбаатар, Багануур, Багахангай, Налайхын технологийн паркуудыг байгуулахаар төлөвлөсөн байдаг. Саяхан батлагдсан Хөгжлийн банкны хуулиар үйлдвэрийн тоног төхөөрөмжийн 85 хувь хүртэлх мөнгөнд 20 жилийн хугацаатай батлан даалт гаргаж өгөхөөр тусгасан. Энэ боломжид түшиглэж ажиллавал ирээдүй бий. Хөгжлийн банкны 85 хувийн батлан даалт бол маш том дэмжлэг. Солонгос, японоос тоног төхөөрөмж худалдаж авахдаа үлдсэн 15 хувийг нь эзэмшээд ороод ир, бид 85 хувийн санхүүжилтээ гаргая гэх зэргээр санал тавьж болно. Залуус өөрсдөө тоног төхөөрөмж, үйлдвэрээ ажиллуулаад явчих хангалттай туршлага мэдлэгтэй байхад дунд үйлдвэрүүд хөгжих боломжтой.
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд талх нарийн боов, гурил, гар урлал, сүүний гэх мэт жижиг үйлдвэрүүдийг бодлогоор дэмжиж ирсэн байна. Гэтэл улс орны эдийн засгийг урт хугацаанд чирээд явах том хэмжээний үйлдвэр хөгжүүлэх асуудал орхигдож ирсэн. Энэ утгаараа дунд үйлдвэрлэлийн эрин үеийг зоригтойгоор эхлүүлье гэдэг дээр санал нэгдээд байгаа. Аливаа нийгмийн хамгийн том баялаг хүн. Хотыг хүмүүс бүрдүүлдэг. Тэгэхээр дунд үйлдвэрлэлийн эрин үеийг иргэддээ зориулж, хүндээ түшиглэж эхлүүлнэ.
Нөгөөтэйгүүр бидэнд солонгос, япон гэх мэт гадаад улс оронд олон жил сурч ажилласан, тэндэхийн үйлдвэрлэлийн технологийг нь эзэмшсэн олон залуус бий. Энэ капиталийг ашигламаар байна. Тэдэнд туршлага байдаг ч өндөр үнэтэй тоног төхөөрөмж худалдаж аваад үйлдвэрлэл эрхлэх боломж алга. Тиймээс залуустаа боломж олгох, үйлдвэрлэлээ хөгжүүлэх зорилгоор Улаанбаатар хот Хөгжлийн банктай хамтран ажиллахаар гэрээ байгуулаад байна. Удахгүй энэ сарын 28-нд гадаадад ажиллаж байгаад ирсэн залуучуудтай уулзалт хийнэ. Одоогийн байдлаар 400 гаруй залуус оролцохоор бүртгүүлээд байна.
Солонгост шилний үйлдвэрт ажиллаж байгаад ирсэн 10 юм уу 20 залуу нийлээд энэ чиглэлийнхээ компанийг босгох боломж харагдаж байгаа. Ухаандаа бол, эдгээр залуучууд маань 50 сая ам.долларын тоног төхөөрөмж худалдаж авахаар төлөвлөөд байлаа гэж бодоход үүний 85 хувь дээр нь Хөгжлийн банк батлан даалт гаргаж санхүүжилт олгоод, цаашдаа хувьцаа эзэмшигч хэлбэрээр явна. Гэхдээ тухайн компанийн ашгаас хуваалцаад явна гэсэн үг биш. Хөл дээр нь бостол батлан даана гэсэн үг.
-
Түрээсийн орон сууц шинэ сэдэв биш. Өмнө нь хэрэгжсэн энэ хөтөлбөрт ямар алдаа дутагдал байсан бэ. Цаашдаа орон сууцаар хангах асуудлыг ямар зарчмаар явуулах нь оновчтой гэж үзэж байна вэ?
-Бидний хамгийн их хүсэж мөрөөдөж байгаа нэг л зүйл байна. Залуус, ахмадад түрээсийн орон сууцыг хямд өртгөөр урт хугацаанд түрээслүүлэх. Сарын түрээсийн төлбөр 250-350 мянган төгрөг байхаар, 15-20 жилийн дараа байраа өмчилж авах боломжийг судалж байна.
Цаашдаа орон сууцжуулах хөтөлбөр бол олон янзын хэлбэрээр явна. Иргэдэд ганцхан төрлийн бүтээгдэхүүн санал болгож болохгүй. Одоогийн байдлаар долоон төрлийн сонголт санал болгохоор боловсруулчихсан байж байна. Нэгдүгээрт бид маргаан дагуулсан дахин төлөвлөлтийг дуусгаж, хүнд нөхцөлд байгаа иргэдийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Энэ чигээрээ цаашаа явж таарахгүй. Түрээсийн орон сууц, орлогод тохирсон хямд өртөгтэй орон сууц гэх зэрэг хэлбэрээр байж болно.
Гэр хороололд амьдардаг иргэн Бат өөрийн хашаандаа байшингаа бариад цаашид ипотекийн найман хувийн зээлд хамрагдаад явах тэр боломж юм. Ингэхдээ мэдээж дагалдах дэд бүтцийг нь хот шийдэж өгнө. Төвлөрсөн шугамаас алслагдмал гэр хорооллуудын 200-300 өрхийн дунд нь бохир болон цэвэр усны шугамыг нь шийднэ. Энэ бүхэн Нийслэлийг орон сууцжуулах том хөтөлбөр дотор багтаж байгаа. Мэдээж дөрвөн жилийн хугацаанд бүрэн хэрэгжихэд хүндрэлтэй. 20, 30 жилийн хугацаанд үргэлжлэх томоохон хөтөлбөр. Эхлэл, суурийг нь сайн тавьж цаашид зөв голдирлоор явах нөхцлийг бүрдүүлэх нь чухал.
-
Улаанбаатар хотын хэмжээнд дэд бүтцийг цогцоор шийдэхэд эрхзүйн орчин дутагдалтай гэдэг. Эрхзүйн шинэчлэлийн хүрээнд ямар зохицуулалт шаардлагатай байгаа вэ?
-Зөрчилтэй зүйлүүд байгаа. Ялангуяа хот тосгоныг дахин барилгажуулах тухай хууль, түүнийг дагалдан гарах журмууд эцэстээ шүүхийн маргаан дагуулах нь бий. Үүнээс болж ажил зогсдог үзэгдэл түгээмэл шүү дээ. Хуучирсан буюу насжилт өндөртэй барилгыг дахин төлөвлөх ажил дээр энэ маргаан маш их гардаг. Дэд бүтцийн ажлыг нэг хоёр жилд хийх боломжгүй. Олон жилээр төлөвлөж их хэмжээний хөрөнгө зарж байж шийддэг гэдгээрээ онцлог.
-
Нийслэлийн эрхзүйн тухайн байдлын тухай хууль шинэчлэгдэхээр хүлээгдэж байна. Энэ хууль батлагдвал статусын хувьд хот яаж өөрчлөгдөх вэ?
-Хуулийг шинэчлэх шаардлага бий. Жишээ нь Сонгинохайрхайн дүүргийн нэг хорооны хүн ам нэг аймагтай тэнцэж байна шүү дээ. Тэгэхээр Монгол Улсын нийслэл, үүн дээр Засгийн газар Улаанбаатар хотын эрхзүйн байдлыг тусад нь хуульчилж авч үзэх ёстой. Жишээ нь, Сөүл хотын дарга статусаараа шадар сайдтайгаа адилхан эрх үүрэг хүлээдэг.
Дээрээс нь Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүс болчихоод байна. Жилд 500 орчим байдаг бол 2000 руу орчихсон. Бид гэнэтийн болон болзошгүй аюулд бэлтгэлтэй байх ёстой. Үүнд их хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай. Гэтэл манай өнөөдрийн эдийн засгийн даац хэтэрчихсэн. Тэгэхээр төлөвлөлт, шинэ санаачилга зайлшгүй хэрэгтэй.
-Улаанбаатар хотыг дахин төлөвлөх боломж, нөөц нь асар бага үлдсэн гэдэг зүйлийг мэргэжилтнүүд ярьдаг. Үүний үндсэн дээр дагуул хотын асуудал хүчтэй яригддаг. Та үүнд ямар байр суурьтай явдаг вэ?
-УИХ-аар баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны чиг хандлага зэрэг баримт бичигт Улаанбаатар хотыг хаана нь үйлдвэрүүд байрлах юм, хаана нь өндөр давхарын, нам давхарын орон сууцуудыг олноор нь барих юм гэх мэт тодорхой зүйлүүд тусгагдсан.
Энэ хүрээнд Улаанбаатар хотод Сэлбэ, Баянхошуу, Дэнжийн мянга гэх мэт найман дэд төвийг хөгжүүлэхээр тусгасан. Өнөөдөр төрийн үйлчилгээний томоохон байгууллагууд болон үзвэр үйлчилгээ, худаалдааны газрууд бүгд нийслэл хотдоо төвлөрч байна. Энэ их төвлөрлийг задлах зорилгоор найман дэд төвийг хөгжүүлэх юм. Залуучуудын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, сургууль цэцэрлэг, кино театр, худалдаа үйлчилгээ нэр дор цогцолсон дэд төвүүд бий болно. Өөрөөр хэлбэл иргэд заавал хотын төв рүү явж үйлчилгээ авдаг биш өөрийнхөө амьдарч байгаа газраасаа бүх төрлийн үйлчилгээ авдаг болох юм. Мэдээж багагүй хугацаа шаардах ажил. Тиймээс эхний ээлжинд төрийн үйлчилгээг хороод руу чиглүүлэхэд анхаарч ажиллаж байна. Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн зарим хороодод дүүргээс авдаг үйлчилгээг үзүүлэх ажлыг загвар байдлаар эхлүүлээд явж байна.
-
Зуун айл, Да хүрээ гээд худалдааны захуудыг цэгцлэх асуудал олон жил яригдаж байгаа ч тодорхой ахиц гараагүй. Их дээд сургуулуудийг хотоос гаргана гэж байсан ч мөн л замхарсан. Энэ удаа хотын удирдлагууд дээрх ярвигтай асуудлыг барьж авах уу?
-Авто худалдааны төвийг олон тэрбум төгрөгөөр барьсныг та бүхэн мэдэж байгаа. Гэвч одоо үйлчилгээ байхгүй, зогсоол худалдаж авсан иргэд хохирсон байдалтай байна. Ер нь бол автомашины худалдаа яваандаа шинээр баригдсан автозогсоол руу гарна. Гэхдээ эдийн засгийн хөшүүрэгт тулгуулахгүй бол хэцүү.
Да хүрээ захын газар орон сууцны зориулалтай. Зориулалтын бус, үйл ажиллагааг нь өөрчилсөн бол өндөр татвар авах ёстой. Нөгөө талаас иргэдийг шинэ худалдааны төв рүү явах сонирхлыг нь төрүүлэх хэрэгтэй байна. Тодорхой хугацаанд зургаан сар ч юм уу хамгийн бага үнийг санал болгоод иргэд очдог урсгалыг бий болгох, менежментийг сайжруулах замаар ажиллавал үр дүнд хүрнэ.
-Нийтийн эрх ашигтай холбоотой асуудал дээр төр төмөр нүүрээ үзүүлэх хэрэгтэй юм шиг санагддаг. Бүх хүний санаанд нийцүүлэх хэцүү. Зоригтой шийдэмгий ажиллах шаардлага байгаа юм биш үү?
-Санал нэг байна. Улаанбаатар хотын удирдлагуудын зүгээс зоригтой алхмуудыг хийж байгаа. Цаашид ч хийнэ. Тухайлбал Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэнтэй холбоотойгоор 2018 оны 1 сарын нэгэн хүртэл шилжин ирэгсдийг хязгаарласан. Нийслэл хот анх удаа улаан шугамаа татах захирамжийг хотын Засаг дарга гаргалаа. Одоо ус, дулаан, цахилгаан, нийтийн тээврийн асуудлаа цэгцлэхээр ажиллаж байна. Энэ мэт зоригтой, шийдэмгий алхмуудыг гаргахад эмээх зүйл байхгүй.
-Нийтийн тээврийн үйлчилгээ 100 хувь картын системд шилжлээ. Төрөөс авдаг татаасаа чамладаг, байсгээд л үнээ нэмнэ гэж сүрдүүлдэг үзэгдэл дахиж гарахааргүй болж байна уу?
-Хагас жил энэ ажлыг хийх бэлтгэлийг хангасны үр дүнд 100 хувь картаар үйлчлүүлдэг боллоо. Өнөөдрий байдлаар нийтийн тээврийн орлого 25 хувиар өсөөд байна. Төсвийн ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулахаас эхлээд олон талын үр ашигтай. Тухайлбал, хяналт сайжирсан. Мөн автобусыг камержуулах ажлыг үе шаттай эхлүүлээд байна. Цаашдаа улам боловсронгуй болгоно. Бид BIRT буюу хурдан автобусыг гурван чиглэлд явуулахаар төлөвлөж байна. Тодруулбал, таван шараас оффицерийн ордон, долоон буудлаас яармаг, нарантуулаас таван шар гэсэн чиглэлд хурдан автобус явах юм.
Ярилцсанд баярлалаа.
С.НАЧИН
Сэтгэгдэл бичигдээгүй байна