О.Цогтгэрэл: Сөрдөг сөрөг хүчин биш бодит шийдэлтэй, засаглахад бэлэн нам болох эхний алхмууд хийнэ

Х.Есү
2 цаг 35 минутын өмнө

Ардчилсан намын XVIII их хурал үргэлжилж байна. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Тэрбээр, 

"Эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист суугаа мянга мянган гишүүдээ төлөөлж “Ардчиллын Гэрэгэ” өвөртлөн намын их хуралдаа ирсэн төлөөлөгчид та бүхэндээ Ардчилсан намын 18-р их хурлын баярын мэндийг хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье!   

Их Монголын эзэнт гүрний үеэс даян дэлхий даяар дэг ёсыг сахиулах тухай их хаадын зарлигийг өртөөлөн түгээж, “Алтан гэрэгэ” атгаж явсан элч төлөөлөгчдийн өнөө цагийн дүр нь эрх чөлөө, шударга ёсны үзэл санааг аймаг-хот, дүүрэг-хороо, баг-сумандаа  ухуулан таниулж, хамгаалан тэмцэж яваа мянга мянган ардчилагчид та бид билээ. Эзэн Чингисийн үеийн бахархлаа эдүгээ цагт тээн өртөөлүүлж буй эрхэм ардчиллын баатрууд та бүхэндээ дахин баяр хүргэе.

May be an image of one or more people, crowd and text

Ардчилсан намын шинэчилсэн дүрмийг Улсын дээд шүүх бүртгэн авснаас хойшхи 3 сарын хугацаанд бид бүх шатандаа “Нээлттэй, Цэгцтэй” шинэчлэлийг өрнүүлж дотоод зохион байгуулалтаа бүрэн шинэчиллээ. Юуны өмнө энэхүү шинэчлэлийн аянд гар бие, сэтгэл оюунаа зориулан оролцсон бүх хүнд намын даргын хувиар талархлаа илэрхийлэхийг хүсэж байна.

  • Шинэчлэлийн элч болохоор зориг гарган нэр дэвшсэн бүх гишүүддээ, тэр тусмаа сонгогдсон сонгуультнууд болон хараахан сонгогдож чадаагүй ч шинэчлэлийн эд эс болсон бүх гишүүддээ хамгийн эхлээд талархал илэрхийлье.
  • Дотоод сонгууль, шинэчилсэн бүртгэлийн адармаатай, нүсэр ажлыг удирдан зохион байгуулсан Зохион байгуулах зөвлөл, Маргаан таслах зөвлөл, Нутаг дэвсгэрийн 30 дэд зөвлөл, Сум хороо хариуцсан 500 гаруй салбар зөвлөлд ажилласан олон зуун хариуцлагатай гишүүдээ баярлалаа!  
  • Хамгийн чухал нь “Нээлттэй, Цэгцтэй” шинэчлэлийн аяныг сэтгэл дэвсэн хүлээн авч, шинэчлэлийн аянд хамрагдаж бүртгэлээ хийлгэж, татвараа төлж алдаа дутагдлыг нь залруулан, амжилт ололтын төлөө санаал өгсөн нийт гишүүддээ гүн талархлаа илэрхийлье!

Арав гаруй жилийн дараа намынхаа бүх хаалга, цонхыг цэлийтэл нээж шинэ салхи оруулан Ардчилсан нам бол өсөж хөгждөг, өөрчлөгдөж шинэчлэгддэг амьд организм болохоо харуулсан маань бидний ололт юм. Нээлттэй өрсөлдөөнд суурилсан дотоод сонгууль болохын хувьд зөрчил гомдол, анхаарах асуудлууд нэг бус гарсныг бид хууль, журмын дагуу шийдвэрлээд хамтдаа урагшлах болно.

Шинэчлэлийн аяны үр дүнд 160 мянган гишүүн шинэчилсэн цахим бүртгэлд хамрагджээ. Орон нутгийн гишүүд маань цаг хугацаа, дэд бүтцийн боломжийн улмаас 50 гаруй хувьтай бүртгэлдээ хамрагдсаныг тооцвол бид ямартай ч 230 мянгуулаа ажээ.

Нээлттэй, цэгцтэй гэдэг бол уриа үг төдий биш. Энэ бол Ардчилсан намын ч, Монгол улсын ч цаашид барих үзэл санаа, үйл хэрэг юм. Намаа илүү нээлттэй, илүү цэгцтэй болгох эхний алхмыг цугтаа бид хийж чадлаа. Арван хэдэн жил хаалттай байсан Ардчилсан нам бүх шатандаа шинэчлэгдлээ. Залуусын оролцоо нэмэгдлээ. Намыг бүх түвшинд цахимжуулах эхний шанг татаж чадлаа.

May be an image of crowd and text

Эмх замбараагүй, хөл толгойгүй гэх шүүмжлэл бас та биднийг дагадаг. Үүнийг өөрчилж, намаа эмх цэгцтэй, хариуцлагатай институт болох эхний алхмууд хийгдэж байна.

Намын дунд шатны байгууллага болох аймаг, дүүргүүдийн намын хорооны гишүүдийн 4250 суудлын төлөө 7000 гаруй гишүүд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж 70 шахам хувь нь анх удаа сонгогдож буй шижигнэсэн залуу, шинэ баг бүрдлээ. Үүний үр дүнд эрч хүчтэй манлайлагчид аймаг, дүүргийн намын даргаар сонгогдож 35 жилийн хугацаанд байгаагүй хүчирхэг дунд шатны намуудтай боллоо.

Намын төлөөллийн төв байгууллага -Үндэсний бодлогын хороо ч мөн шинэчлэгдэн бэхжсэн. Ширүүн өрсөлдөөнтэй сонгуулийн үр дүнд сонгогдсон 378 гишүүний 59 хувь нь 39 хүртэл насны залуучууд байгаа нь Ардчилсан намын шинэ өнгө төрх болж байна.

Шинэчлэлийн аяны үр дүнд бид Ардчилсан намын цаашдын хөгжлийн 4 гол тулгуур баганыг суурилууллаа.

May be an image of one or more people and crowd

  • Нэгдүгээрт, Нээлттэй АН: Хаалттай бүтэц биш иргэдэд нээлттэй, оролцоонд суурилсан улс төрийн хөдөлгөөн болохоо бататгалаа.
  • Хоёрдугаарт, Цэгцтэй АН: Зарчимд суурилсан эв нэгдэлтэй, хуульт ёсыг дээдэлдэг, эрх чөлөөг хамгаалдаг институц болох замдаа урагш алхаж чадлаа.
  • Гуравдугаарт, Дижитал АН: 24/7 оролцоотой, дижитал улс төрийн экосистем байгуулах зорилгын хүрээнд AN.mn, AN+, e-Democracy системүүд, тэдгээртэй холбогдон ажиллах цахим чип бүхий батлах буюу Ардчиллын Гэрэгэг бүтээж нэвтрүүллээ.
  • Дөрөвдүгээрт, Бодлого суурьтай АН: Сөрдөг сөрөг хүчин биш бодит шийдэлтэй, засаглахад бэлэн нам болох эхний алхмууд хийгдлээ. Гэрэг бодлогын хүрээлэн, Дата анализийн бүтэц, сургалтуудаар дамжуулан дараалсан ялалтад бэлтгэгдсэн, бодлоготой, бодлогоо хэрэгжүүлэх чадвартай баг төлөвшиж байна.

Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ.

Энэхүү дараагийн зорилгод хүрэх замаа төлөвлөхийн тулд бид өнөөдөр энгийн боловч чухал нэгэн асуултад хариулах шаардлагатай:

- Дэлхий дахины өөрчлөлт, чиг хандлагатай Монгол Улс хөл нийлүүлж чадаж байна уу?

Өнөөдрийн дэлхийн улс төр, эдийн засаг, геополитик улам бүр тогтворгүй болж байна. Хүйтэн дайны шинжтэй өрсөлдөөн шинэ хэлбэрээр бий болж улс орнууд олон туйлд хуваагдаж байна. Эдгээр өөрчлөлт Монгол Улсад хэдийнээ нөлөөллөө үзүүлж эхэлсэн.

Бид хоёр том гүрний дунд байрлах, нөөц баялаг ихтэй, гадаад зах зээлээс өндөр хамааралтай улс болохын хувьд геополитикийн шахалт, эдийн засгийн хэт хамаарал, технологийн хоцрогдол зэрэг олон эрсдэлтэй нүүр тулж байна. Хамгийн аюултай нь гадаад эрсдлүүд дотоодын авлигажсан, чадавхигүй засаглалтай нийлбэл улс үндэстний оршихуйн эрсдэл үүснэ.

Геостратегийн энэхүү нөхцөл байдалтай шууд холбоотойгоор улс орнуудын дотоод улс төр, улс төрийн намуудын үйл ажиллагаанд суурь эргэлтийн шинжтэй буюу парадагмийн өөрчлөлт сүүлийн жилүүдэд явагдаж байна.

May be an image of crowd and text

  • Өмнө нь улс төрийн нам бол сонгуульд ялахад зориулсан машин гэж үздэг байсан бол өнөөдөр засаглал ба хөгжлийн платформ гэж загварчилж байна.
  • Өмнө нь нийгмийн цөөнх болох дээд давхаргын улс төр давамгайлж байсан бол, өнөөдөр нийт иргэдийн оролцоонд суурилсан нийгмийн мобилизац улс төрийг тодорхойлж байна.
  • Өмнө нь намууд хүн хоорондын амьд харилцаанд суурилсан аналог бүтэц байсан бол, өнөөдөр дижитал экосистем болон шилжиж байна.
  • Өмнө нь асуудлын араас хариу үйлдэл хийдэг реактив улс төр хүчтэй байсан бол, өнөөдөр стратегийн зургийг зурж чадсан улс төр хүчтэй болж байна.

Харин Монгол Улс эдгээр өөрчлөлтийг тусган авах бус улам бүр ухран гүн намагт шигджээ. Засаглалын тогтолцоо зарим талаараа хэдийнээ ялзарсан байна. Ашигт малтмалын нөөц баялгийг хувааж идэж, хусмаар нь сонгуулийг худалдаж авдаг улс төрийн бүлэглэл 10 гаруй жил хяналтгүйгээр төрийг барьсан болохыг бид өнөөдөр тэдний дотоодын тэмцлээс харж байна.

Ардын намын дарга нар авилгалыг энгийн хэм хэмжээ болгож, “Би их идсэн, чи бүр их идсэн” гэж эрээ цээргүйгээр ил цагаан ярьцгаадаг боллоо. Хулгай, худлын өмнө хууль цааз бөхийсөн 10 жил өнгөрчээ. Төгрөгөөр биш доллараар, саяар биш тэрбум, их наядаар тэдний хулгай хэмжигдэж байна. Эх орны баялагийг төрийн нэрээр нийгэмчилж, иргэдэд очих ёстой хэсгийг эх орончийн, даргын нэрээр хувьдаа завшжээ.

Өнгөрсөн 10 жилд эдийн засаг төржиж, эрх мэдэл төв рүү тасралтгүй төвлөрсөн. Үр дүнд нь бүхнийг дарга мэддэг, даргын гарын үсгээр шийдэгддэг улс болсон. Энэ 10 жилд иргэдэд эдийн засгийн өсөлт очоогүй. Бизнесүүдийн орлого ашиг өсөөгүй. Орон нутагт эрх мэдэл, төсөв санхүү ч хангалттай хүрээгүй. Харин ордон дотор Ардын намын дарга нарын зарцуулах төсөв нэмэгдсэн. Үр ашиггүй, үлгэрийн олон төсөл хөтөлбөрүүд ихэссэн. Эдийн засаг дах 10 төгрөг тутмын 8 нь төрөөр, төсвөөр, тусгай зөвшөөрлөөр зохицуулагдсан намын хяналттай эдийн засгийн бүтэцтэй болсон. Ардын амьдрал уруудсан, даргын тансаглал хэтэрсэн 10 жил аанай өнөөдөр ч үргэлжилж байна.

Тэлсэн, томорсон төсөв, төржсөн эдийн засгийн зарцуулалтаас ил тод байдлыг, иргэний болоод сөрөг хүчний хяналтыг авахын тулд эрх баригчид алхам бүрээ нууцлах хуулийн хулгайг хийж даджээ. Төрийн, албаны, байгууллагын нууцын тоо, хүрээ зах хязгааргүй тэлж, нууц нэрийн доор хулгай худлыг энгийн хэм хэмжээ болтол эрх баригчид дэлгэрүүлжээ. Хаалттай систем, томорсон төр, данхайсан төсвийн ард юу болдог тэр бүхэн яг л Монголын төрд давтагджээ.

Нүүрс, ковид, банк, зам, концесс нэртэй, нууцаар халхавчилсан тэдний хулгайд Ардын намын дарга бүхэн холбогдсон байж магадгүй сэжүүрүүд байна. Авлигын гинж нь тасарвал бүгдээрээ, намаараа унах тул хүссэн ч, эс хүссэн ч тэд гар гараасаа атган өмнөх хулгай, худлаа нуухаар нэгдэж байгааг саяхны үйл явдлууд харуулж байна. Өөрсдийнх нь хэлсэнчлэн “Ардын намын авилгачид Монголыг идэж байна”. Харин үүнийгээ тэд мэдсэн ч авлигын гинжээ таслахаас айж байна. Монголоо сонгохуу, намаа сонгохуу гэдэг сонголтоос тэд үргэлж намаа сонгосоор ирсэн түүхтэй. Ардын нам бол өмнөх даргаа буруугаар будаж, буудах бол буудаж хаяад дараагийнхыг нь баатраар тодруулдаг тогтсон уламжлалтай нам. Энэ тоглоомынх нь ээлжит нэгэн үзэгдэл өнөөдөр ид тоглогдож байна.

May be an image of one or more people, crowd and text

Үнэндээ өнгөрсөн 10 жилд авлига, хулгай л цэцэглэн хөгжснөөс өөр юу ч Монголд өөдлөн дээшилсэнгүй ээ. Идэр есийн хүйтэнд хөлдчихгүй юм шүү гэж залбирч, эмнэлэг, колонкийн оочир норм мэт хэвшиж, цалин тэтгэвэр нэмээч гэж хааяа хий орилохоос өөр үйл явдалгүйгээр Монгол оршиж байна. Эдийн засаг өсөлтгүй, хүртээмжгүй хэвээр байна. Иргэдийн амьжиргаа муудсаар, ядуурал, ажилгүйдэл дээр ахиц сайжралт гарсангүй. Эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, татвар, нийгмийн даатгалын реформ, шинэчлэлүүд хүлээгдсээр. Хэзээ мөдгүй тэсрэх дарьтай торх халсаар л байна. Бүтээмж, экспорт, хөгжил гэх үгсийн хүч сульдаж, хулгайч, авилгачийн тухай ший үзэгдэлд нийгмээрээ автсаар, дундаж давхарга агшиж ядуурлын ангал руу гулсан унасаар байна.

Ийм мафижсан засаг, авлигажсан тогтолцооноос бид шударга ёс, хөгжил дэвшил, хүний төлөө бодлого хүлээх утгагүй! Ийм нөхцөлд Ардчилсан намын сонголт бол:

  • Дуугүй сууж хамтрах биш хүчтэй цөөнх байж хянах
  • Даган дуурайх биш тэмцэх.
  • Дасан зохицох биш шинэчлэх явдал юм.

Бид 36 жил тэмцээд тэмцээд дангаараа олонх болсонгүй, дараалан ялсан ч үгүй, давхарлан бүх шатанд ялаа ч үгүй гэх “бодит” үнэн бас бий. Энэ бол та бид гэрийн даалгавраа хангалттай хийгээгүйн үнэлгээ гэж би ойлгодог. Бодлого, хөтөлбөрөө цэгцтэй төлөвлөж тайлбарлаж, хийх ажлаа хангалттай сурталчилж, хүрээ оролцоогоо хүссэнээрээ нэмж, үе хоорондын холбоосоо сайн хийж чадаагүйн “шийтгэл” гэж боддог. Тиймээс шинэ арга зам, шинэ тэмүүлэл хэрэгтэй юмаа.

Анд нөхөд өө,

Өнөөдрөөс эхлэн Ардчилсан Монголын шинэ тэмүүллийг бид тунхаглаж байна.

Энэ тэмүүлэл бол:

  • хүний эрхийг хамгаалсан шударга төр,
  • өмчийн эрхийг баталгаажуулсан хүчирхэг эдийн засаг,
  • хүн бүр хувь заяаныхаа эзэн байх эрх чөлөө, хувь хүний хөгжил,
  • эх орныхоо язгуур ашиг сонирхлыг дээдэлсэн Дэлхийн Монголыг цогцлоох их үйлс юм.

Ардчиллын шинэ тэмүүллийг хэмжигдэхүйц тоогоор илэрхийлье гэвэл дараах гурван 2-ын тоогоор тоймлож болно.

  • Эдийн засгийн өсөлтийг өнөөгийнхөөс 2 дахин хурдасгаж хөгжлийн эрчим, хүртээмжээ нэмэгдүүлье.   
  • Үүний тулд дараагийн сонгуулиар Ардчилсан нам ялах ёстой. Ялахын тулд парламент дахь Ардчилсан намын суудлыг 2 дахин олон болгож, 84 гишүүнтэйгээр үнэмлэхүй ялах ёстой.
  • Үүний тулд Ардчилсан намын дэмжигчдийн тоог 2 дахин нэмэгдүүлж 500 мянгуулаа болоё.

Энэ зорилтод хүрэхийн тулд бид намаа нээлттэй, цэгцтэй болгосон шигээ улсаа нээлттэй, цэгцтэй болгох ёстой. Энэ бол эдийн засгаа нээнэ, хүний хөгжлийн боломжийг нээнэ, технологийн дэвшлийг нээнэ, хууль хэрэгждэг болно гэсэн үг.  Аймаг, орон нутгийн намуудын зорилго ч гишүүд дэмжигчдээ өнөөгийнхөөс 2 дахин нэмье гэсэн тодорхой, хэмжигдэхүйц болж ирнэ.

Ардчиллын шинэ тэмүүллийн суурь нь Шударга ёс юм.

Шударга ёс зөвхөн үг биш. Шударга ёс бол эрх мэдлийн тэнцвэр. Тиймээс 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль бол хуульт ёсыг сэргээх, ардчиллын институцийг аврах чухал тулаан байх болно.

  • Бид ялна. Ялах ёстой. Ялахын төлөө нэгдэх болно.

Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтын эрчээрээ бид 2028, цаашлаад 2032, 36 онуудын УИХ, орон нутгийн сонгуулиудад дараалсан, давхар ялалтуудыг байгуулж Шинэ Монголоо бүтээнэ.

Үүний тулд Бид 10/100 -100/10 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зарлана. Энэ бол 10 жилд Монгол улсаа хөгжүүлэх 100 реформ, Ардчилсан ЗГ эхний 100 хоногтоо хийх 10 гол ажлын төлөвлөгөө юм. Энэхүү төлөвлөгөөнд шударга ёсыг сэргээн тогтоох, төрийн үр ашгийг нэмэгдүүлэх, хувийн хэвшилд суурилсан хүчирхэг эдийн засгийг цогцлоох, хүний хөгжлийг сайжруулах, дэд бүтэц, хүрээлэн буй орчин, дижиталчлал, Үндэсний эрх ашиг, өв соёлоо хамгаалж дэлхий дахинтай хөл нийлүүлэн алхах зэрэг бидний өмнө тулгарч буй зорилтууд, шийдвэрлэх ёстой асуудлууд бүгд багтах болно.

Дахин тодотгон хэлэхэд системийн хувьд авлигажиж дампуурсан эрх баригчид энэхүү шинэчлэл, өөрчлөлтийг хийхгүй нь нэгэнт тодорхой тул Ардчилсан нам энэ зорилгодоо хүрэхээс өөр сонголт байхгүй.

Цагаан морин жилд эхлүүлсэн ардчилал, эрх чөлөөний үйл хэргээ гал морин жилд өртөөлүүлэн, өөдлүүлэх нь энд цугласан болоод эх орон даяар чих тавин сонсож байгаа мянга мянган Ардчилагчдын эрхэм зорилго болж байна.

May be an image of one or more people, dais and text

Анхан шатнаас эхлүүлэн бүх түвшиндээ бүрэн шинэчлэгдсэн Ардчилсан нам яваагүй зам, очоогүй оргилдоо хүрэх шинэ тэмүүллийг тээн өнөөдөр энд хуралдаж байна. Энэ их хурал бол өнгөрсөнөө дүгнэж, хүрэх ирээдүйгээ цэгнэх ёстой ажил хэргийн хурал, олон ялалтаа угтах шинэ замын эхлэлийн хурал юм.

Ардчилсан нам цаашид хөдөлмөрлөсөнд илүү боломж олгодог нам байх болно. Хүчээ зориулсан, зарцуулсанд нь илүү боломж олгодог байна. Иргэдийнхээ итгэлийг олсон, даасанд нь илүү эрх, боломж өгдөг нам байх болно.  

2027, 2028 онуудын зургадугаар сарын сүүлийн зуны тэр нэгэн орой Ардчиллын алаг туг Монгол орны газар газарт ялалтын мэдээ, баярын уухайтай дэрвэн бадарч байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Ардчиллын шинэ тэмүүллээр жигүүрлэсэн анд нөхөд та бүхэндээ амжилт, ялалт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна