УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх үедээ шинээр томилогдсон Ерөнхий сайд Н.Учралд хандсан үг хэллээ.
Тэрбээр “УИХ-ын дарга 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй” гэдэг хардлага л гацаа үүсгэж байгаа. Тийм зүйл болбол дахиад л таван намдаа тэгш бус хандаад эхэлнэ. Тэгэхээр шинээр УИХ-ын дарга олох хүн нам бус хүн байг, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй байг, аль нэг намд үйлчилдэггүй хүн байг, нэг намын бүлгээс чиглэл авдаггүй хүн байг…
Миний тэргүүлж байсан хамтарсан Засгийн газар 10 сарын хугацаанд Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг шийдсэн. Бэлтгэл ажил хангах биш, эцэслэн шийдсэнийг ярьж байгаа шүү. Хоёр дахь нь Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замыг Засгийн газрын түвшинд шийдсэн. Хэл амтай ч гэсэн “Орано”-гийн Хөрөнгө оруулалтын гэрээг шийдсэн. Гуравдугаарт Туулын хурдны замыг шийдсэн. Энийг одоо зогсоох гэж байх шиг байна. Энэ бол хамтарсан Засгийн газрын үр дүн. Г.Занданшатарын Засгийн газар гарч ирээд 10 сар болоход яг юу хийв. Өмнөхөө үгүйсгэсэн, Б.Энхбаяр гэдэг нэг дүртэй, тэр нь Л.Оюун-Эрдэнэ гэдэг ганцхан хүнтэй тулаан зарлачихсан. Ингээд 10 сар боллоо. Юу болов. Юу ч болоогүй. Юу ч шийдэгдээгүй. Харин ухарсан. Одоо монголчууд сэтгэл хөдлөлөө дараад Монгол Улсаа яаж хөгжүүлэх вэ гэдэгт анхаарах ёстой.
Н.Учрал Ерөнхий сайдын хувьд бүтэн боломж нь байгаа. Яаж балансаа хангах вэ, яаж урт Засаглах вэ, яаж асуудлаа шийдэх вэ гэдэг нь намын даргын хэнтэй ч үл хуваалцах бүрэн эрх. Өөрийнхөөрөө байж чадвал олон зүйлийг шийдсэн түүхэн Ерөнхий сайд байна. Чадахгүй бол “Утсан хүүхэлдэй” болоод, нийгмийн дэмжлэгээ алдаад, Монгол Улсын цагийг алаад, өөрийнхөө түүхийг сүйдэлнэ” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна