Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарт зориулж Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах асуудлаар нэгдсэн сургалт-семинарыг өнөөдөр хийлээ.
Сургалт-семинарыг нээж Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн хэлсэн үгэндээ, сонгууль зохион байгуулахад анхаарах асуудлыг онцоллоо. Тухайлбал, тэрбээр, сонгуулийг зохион байгуулахдаа хууль, журмаа сайтар судлан, хуулиа дээдлэх, ил тод байдлыг хангах, шударга ёсыг сахих, Үндсэн хуулиар иргэдэд олгогдсон сонгох, сонгогдох эрхийг нь эдлүүлэхэд анхаарч, сонгогчдыг сонгуульд оролцож саналаа өгөх нөхцөл бололцоог нь бүрдүүлж ажиллах, хуваарилсан төсвийг хууль, журмын дагуу зориулалтаар нь захиран зарцуулж, сонгуулийн зардлын тайлан, холбогдох баримтыг хуулийн хугацаанд гаргаж ирүүлэх, сонгуульд оролцож байгаа нэр дэвшигч, намыг эсэргүүцсэн, эсвэл дэмжсэн аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулахгүй байх, сонгуулийн хороод санал авах ажиллагааг элдэв зөрчил, хүндрэлгүй зохион байгуулах, сонгуулийн дүн мэдээг нэн даруй дамжуулах, сонгууль зохион байгуулсан тухай тайланг үнэн зөв, түргэн шуурхай гаргаж, хуульд заасан хугацаанд ирүүлэх зэргийг анхаарч ажиллахыг хүслээ.
Сургалт-семинарын үеэр, илтгэгчид байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт ямар байх, хуралдааны дэг, гишүүний ёс зүйн дүрмийг хэрхэн баримтлах, сонгогчдын нэрийн жагсаалт хүргүүлэх, сонгогчийн шилжилт, гомдол шийдвэрлэх асуудлыг хэрхэн журамласан талаар мэдээлэл хийлээ.
Мөн сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах, баримт бүрдүүлэх, тайлагнах, хяналт тавих, аудит хийлгэх, санхүүгийн тайланг хүлээлгэн өгөх, сонгуулийн сурталчилгаа зэрэг асуудлыг хуулиар хэрхэн зохицуулсанд сургалт-семинарт оролцогсдын анхаарлыг хандууллаа.
Түүнээс гадна сонгуулийн хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, сонгуулийн гомдол, маргааныг хянан шийдвэрлэх, санал авах ажиллагааг зохион байгуулах, ажиглах, сонгуулийн дүн мэдээ нэгтгэх, техникийн тооллого хийх, сонгуулийн баримт бичиг хүлээлгэн өгөх, санал авах, тоолох ажиллагаанд автоматжуулсан систем ашиглах зэрэг асуудлаар мэдээлэл хийлээ.
Дараа нь сургалт-семинарт оролцогсод сонгууль зохион байгуулахтай холбоотой, сонгуулийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд тулгамдаж болзошгүй зарим асуудлаар асуулт тавьж хариулт авав.
Сургалт-семинарын үеэр Бүгд найрамдахчуудын Олон улсын хүрээлэнгээс сонгогчийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор боловсруулсан гарын авлагын талаар танилцуулга хийлээ.
Түүнд сонгуулийн ач холбогдол, сонгуульд мэдлэг, мэдээлэлтэй оролцохын ач холбогдол, сонгох, сонгогдох эрхээ эдлэхэд нь иргэн бүрийг тэгш хамруулах зэрэг асуудлыг тусгасан байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, нийт 2,078 хэсэг байгуулагдаад байна гэж
СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Сэтгэгдэл бичигдээгүй байна