Ардчилсан намын дотоод санал асуулга маргааш эхэлнэ
Маргааш эхлэх Намын дотоод санал асуулга болон үүний дараа болох Их хурлаараа энэ найман эрхмийн нэгийг сонгох гэж байна. Горилогчдын хувьд эхлээд намаасаа гарах, дараа нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах гэсэн хоёр том фронтод дараалан тулалдах шаардлагатай боллоо. Энэ хоёр фронт том ялгаатай-
Ардчилсан намд агуу том сорилт тулгарлаа. Одоогоор Н.Алтанхуяг, Женко, Г.Батхүү, Лу.Болд, Баабар, Д.Дорлигжав, Э.Бат-Үүл, Л.Амаржаргал нар намаасаа нэр дэвшмээр байгаагаа илэрхийлээд буй. Тэд өнөөдөр албан ёсоор өрсөлдөх бүртгэлээ хийлгэж, үнэмлэхээ авна.
Саяхан болж өнгөрсөн Намын даргын сунгаа чухам ерөнхийлөгчийн сонгуулийг санагдуулам дуулиантай болж өнгөрсөн. Харин энэ удаа сунгаа явуулахыг хуулиар зөвшөөрсөнгүй. Тиймээс маргааш эхлэх Намын дотоод санал асуулга болон үүний дараа болох Их Хурлаараа энэ найман эрхмийн нэгийг сонгох гэж байна. Горилогчдын хувьд эхлээд намаасаа гарах, дараа нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах гэсэн хоёр том фронтод дараалан тулалдах шаардлагатай боллоо. Энэ хоёр фронт том ялгаатай.
Нам дотроо ялалт байгуулах
Бүлэг фракцаар талцдагаараа алдартай Ардчилсан намынхан тулсан газар ирэхээрээ бүлэг фракцаа тоодоггүйгээрээ ч мөн алдартай юм.
Намын дэмжлэг
Жинхэнээсээ Их хурал хүртэл үзэлцэнэ ээ гэж байгаа нөхөд одоо ид хор гүйлгэж, гар өргөх гишүүдээ багцлан хувааж байгаа байх. Намын дарга “Бид одоо фракцаар хуваагдахгүй” гэж мэдэгдсэн нь хамгийн гэгээлэг үгүүдээр бүтсэн харанхуй мессэж байв.
Учир нь өөрийн Шонхор фракц л бүх эрх мэдлийг атгаж бусдыг эрхэндээ байлгах гэсэн үг. Тэгэхээр өнөөгийн удирдлагуудын нөлөө хэдий хүчирхэгжиж буй ч санал өгөх хоёр мянган хүн бүгд тэднийг дагана гэсэн үг биш. Фракцууд амь бөхтэй үлдэхийг оролдож, идэвхжиж буй. Ялангуяа Алтангадас бараг сүүлийн хүчтэй тийрэлтээ хийхээр зэхэж буй ч гэлцэнэ. Тэгэхээр мөн л шөнөжин хуралдана, шөнөжин хэрэлдэнэ. АН гэдэг олон ангит киноны удаах анги л гарна.
Хэн ямар зорилготой вэ?
Баабар эрхмийг угаасаа л сунгааг “тохиолдуулан” өнөөгийн намуудын нүүр царайг илчлэх, “хорон үгээр утах” гэж нэр дэвшсэн гэж буй олон хүний таамаг үнэн болов уу. Түүний дараагийн нүүдэл хамгийн сонирхолтой байна. Өөрөөр хэлбэл юу гэж хэлээд нэрээ татахыг нь олон хүн хүлээж байгаа.
Харин төмөр зам гэх хавханд орчихоод буй Женко, Дэнзэнгээс эхлээд нүүрс хөтөлбөр хүртэлх олон зүйлд баглуулчихаад байгаа Н.Алтанхуяг, хүүгээр нь оролдонгоо өөрийг нь ноолоод буйд их л нервтэх болсон Э.Бат-Үүл нарыг нэрээ цэвэрлэх, Ерөнхийлөгч болоотохвол бүр нэрээ цагаанаар будах зорилготой гэж ярьж байна.
Ямар сайндаа үүний цаана “намаасаа гарч ирээд сонгуульд буугаад өгчихье” гэдэг тохироо ч явж байж мэднэ гэх хардлага гарах вэ. Энэ хардлагын гол бай нь Женко. АН-ын дотоод сонгуульд МАН-ын оролцоо бий гэдгийн учир энэ. Шударга сонгууль хүсэн хүлээж буй ард түмний эрх ашиг энэ дээр хөндөгдөнө. Тэгэхээр намаас хэн гарах вэ гэдэг нь маш ноцтой, чухал асуудал юм. Эртнээс тохирчихсон биш үнэнгээсээ яваад үзчих хүн хэрэгтэй.
Дэнчин
Дэнчингийн мөнгө бол асуудал мөн. Горилогчдоос шалгарсан нь дэнчингийн мөнгө тавиад Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох учиртай. Хамгийн багадаа нэг тэрбум гэж ярилцаж байна. Манай хэд ч хэдийнэ “Хэдэн төгрөг хэрэг болсоон” гээд найзуудынхаа хаалгыг татаад эхэлжээ. Харин цаадуул нь “бусдаараа л бууз хуушуур шиг явья даа” гээд инээмсэглэж буй сурагтай.
Ялах ялахгүй нь тодорхойгүй энэ өрсөлдөөнөөс “мөнгөний хүчин зүйлийн нөлөөгөөр” лав хамгийн түрүүнд Баабар, Э.Бат-үүл, Л.Амаржаргал нар нэрээ татаж магадгүй. Хэн бүхний мэдэх бизнестэйн хувьд Г.Батхүү, Лу.Болд, Женко гуравт ингээд үрчихээр мөнгө бий.
Мөн бизнес хийдэггүй ч Д.Дорлигжавт, чацаргана л тариалдаг ч Н.Алтанхуягт бас хангалттай мөнгө байгаа. Гэлээ гээд хэн чиг л тэрбум төгрөгийг элс рүү ус хийсэн юм шиг алга болгохдоо бодож л таарна. Боломжоо цэгнэж үзээд бооцоогоо тавих нь лавтай.
Боломж
Улстөрчийн хамгийн гол чанаруудын тоонд сэтгэл татам байдал (түүнд итгэх, түүнийг дагах), элдвийн луйвар, шуугианд нэр холбогдож байсан эсэх гээд олон зүйл байдаг.
Баабар хувь хүнийхээ онцлогоос шалтгаалаад дайсан төрүүлдэг хүн. Ялангуяа антрополог, түүхийн хүчин зүйлсийг шинжлэх ухааны үүднээс нь хэлчихдэг тул домог, үлгэрт дуртай монголчууд, хориод насны үндсэрхэг хүүхдүүдийн бай болсон хүн. Э.Бат-Үүл ч бас дайсан олонтой. Гол дайснууд, харааж ерөөгчид нь партизанууд дунд нь их байна гээч.
Лу.Болдыг харин дориун дипломатч, “Голомтын Баясаа”-гаас өөр дайсангүй гэх хошин яриа чих дэлсэх болсон. Элдэв тэмцэл хэрүүл дунд нэр гардаггүй тул түүнийг аймхай гэх нь бий. Гэвч асуудлыг дипломат аргаар шийдэх нь илүү зориг, тэвчээр шаарддаг.
Хэдхэн жилийн өмнөсөн бол Женко үнэмлэхүй нэр алдартай, монгол эрийн идеал шахуу байлаа. Харин одоо гэмтэй эсэхээ шалгуулах гэж буй. Л.Амаржаргалын хувьд эдийн засагчид голдуу МҮДН угшилтай улсууд фэн нь байх юм билээ.
Н.Алтанхуяг бол Ерөнхий сайд байхдаа нэг л унжралдсан, бүтэлгүй хүний дүрийг бүтээчихсэн хүн. Харин Г.Батхүүг ойрын хүрээллийнхэн нь бодит байдлаас нь хэтэрхий холдуулсан бололтой байдаг. Үнэн чанартаа түүнийг улстөрч гэж харах хүн ч ховор. Д.Дорлигжавын хувьд гэвэл түүний нүүр бол үнэхээр их сайн танигдсан. Ядаж “энэ хэн билээ?” гэсэн асуулт зургийг нь харсан хүмүүсээс ирнэ. Харин итгэх, дагах хэрэг гарвал ахиад л “энэ хэн билээ?” гэж асууж таарна.
Ерөнхийлөгчийн эрх үүрэг юу билээ?
Энэ жагсаалт чамгүй урт үргэлжилнэ. Бэлгэдлийн хийгээд бодит олон эрх мэдэл бий. Гадаад ертөнц дэх Монгол орны гол нүүр царай бол Ерөнхийлөгч. Шинэ Ерөнхийлөгчийн өмнөх түүх, боловсрол, улстөрийн нөлөө зэргийг гадныхан сонжих шиг болно. Дипломат үйл гадарлах, Гадаад яамыг толгойлж байсан бол дээрх горилогчдын хамгийн том давуу тал нь юм.
Түүнчлэн цэрэг, армийн үйл бол Монгол улсын Ерөнхийлөгчийн дараагийн том ажил. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч хэмээх нэр төртэй, эрхэм энэ албан тушаалыг чухам армийн ажил үйлсийг мэдэх, цэрэг, офицеруудын аж амьдралыг гадарлах хүн л хамгийн сайн шинэчлэл хийж базаахгүй бүхнээс нь ангижруулж чадна.
Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр “өрөлт” авчихаад байгаа дээрх эрхмүүдийн хэн нь хэн бэ, хэн нь Ерөнхийлөгчид нэр дэвшвэл нийцтэй вэ гэдгийг гишүүд нь тал талын хэмжүүрээр цэгнэн тунгаах биз ээ. Тэдний итгэл үнэмшил чухам хэнийг гаргаж ирэхийг харах л үлдлээ.
Эх сурвалж:Өглөөний сонин
Сэтгэгдэл бичигдээгүй байна