Эхнэрээ зээ дүүтэй нь заазуурдсан Хятад улсын иргэн Өргөнталд 25 жилийн ял оноолоо

2017/05/08

Манай улс цаазын ялгүй болсноо дэлхий нийтэд зарласан. Гэвч эхнэрээ зээ дүүтэй нь заазуурдаж хөнөөсөн хятад улсын иргэн Өргөнталд Улсын яллагдагч цаазын ял санал болгоод байсан. Шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09.00 цагт эхэлсэн юм. 

Харин шүүхээс хоёр хүний амийг онц харгис хэрцгий аргаар хөнөөсөн учир 25 жилийн хорих ял оногдуулсан байна. Ингэхдээ 20 жилийг чанга дэглэмтэй, 5 жилийг гянданд хорих ял эдлүүлэх шийдвэрийг гаргалаа. Түүнчлэн хохирогчийн талд 8,7 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Хэрэг гарсан өдрийг сөхвөл сэжигтэн Ө, хохирогч Х нар эхнэр нөхөр гэнэ. Тэд шинэ жилийн баяраа хамаатныдаа тэмдэглэчихээд гэртээ ирсний дараа Ө гэрийнхэндээ агсам тавьж. Улмаар заазуур барин гэрт байсан хүмүүс рүү дайрсан гэдэг. Энэ үед тэдний гэрт Х-ийн 15 настай хүү Б, Х-ийн зээ дүү дөрвөн настай А нь байсан аж. 

Сэжигтэн Ө нь эмэгтэй Х-ийн толгойн баруун хэсэг, 15 настай хүү Б-ийн зүүн гарыг, дөрвөн настай хүү А-ийн толгойн тус газарт заазуурдаж, хүнд гэмтэл учруулсан байжээ.

Архинд хөлчүүрхсэн согтуу эр эхнэрийнхээ толгойн баруун хэсэгт, дөрвөн настай хүү А-ийн толгойн тус газарт 2-3 удаа заазуурджээ. Ингээд эхнэр нь зээ дүүгийнхээ хамт газар дээрээ амьсгал хураасан гэдэг. Газар дээрээ амьсгал хураасан дөрвөн настай хүүгийн тухайд ээж аав нь түүнийг нагац эгчийнд нь түр үлдээгээд байх зуурт ийн золгүй явдал тохиов. Харин зүүн гартаа хүнд гэмтэл авсан 15 настай хүү Б нь ГССҮТ-д яаралтай түргэн тусламжаар хүргэгдэн очсон байдаг.

Т.Очир

 
 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна