ЭМГЭНЭЛ

2017/05/25
Монголын үлээвэр хөгжмийн нэрт зүтгэлтэн, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн анхдагчдын нэг, Үндэсний ардын дуу бүжгийн чуулгын анхны их бүрээч, Шилдэг баян хуур хөгжимчин Сампилийн Бямбасамдан 2017 оны 05-р сарын 22-ний өдөр таалал төгслөө.

С.Бямбасамдан нь Өвөрхангай аймгийн Дэлгэрэхбулаг сум, одоогийн Тарагт сумын нутаг Үнэгт хэмээх газар 1934 онд Ц.Сампилийн тавдугаар хүү болон мэндэлжээ. Тэрбээр 1947-1959 онд Ардын цэргийн Ерөнхий сургуулийн үлээвэр хөгжмийн салаанд хөгжимчин, 1959-1964 онд Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгад хөгжимчин, 1964-1967 онд Өвөрхангай аймгийн Соёлын ордонд хөгжимчнөөр тус тус ажиллаж байжээ.

Тэрбээр Монголын сор болсон хөгжмийн удирдаач нарын гарын шавь болж, хөгжмийн онолд амжилттай суралцан, орос ардын баянхуур хөгжмийг мэргэжлийн өндөр төвшинд эзэмшин, Монголын шилдэг баян хуурч Бат, Дорж нарын түвшинд хүрсэн шилдэг хөгжимчин байлаа.

1967-1970 онд Улаанбаатар хотын Багшийн сургуулийн Дуу хөгжмийн Багшийн ангид элсэн суралцаж, 1970-1973 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн дунд сургуульд дуу хөгжмийн багш, 1973-1991 онд Арвайхээр хотын төвийн 10 жилийн 1-р дунд сургуулийн дуу хөгжмийн заах арга зүйч багшаар ажиллаж байсан нэрт сурган хүмүүжүүлэгч байсан төдийгүй, 1974 онд “Улаан бүч” чуулгыг санаачлан байгуулж, хүүхдийн найрал дуу, үндэсний хөгжмийн хамтлаг, үлээвэр хөгжмийн "Баярын жавхаа” хамтлаг, улс төрийн дууны “Аранзал” хамтлаг, дуучид, бүжигчид нийлсэн 200 гаруй шавь нарыг бэлтгэснийг үнэлж Монголын пионерийн байгууллагын алт, мөнгө, хүрэл медалиар шагнажээ.

1971 онд Бүх Ард Түмний Урлагийн үзлэгийн наадамд өөрийн байгуулсан сурагчдын Үндэсний найрал хөгжмийн чуулга нь алтан медаль, 1981 онд Бүх Ард Түмний Урлагийн Их Наадамд үлээвэр хөгжмийн “Баярын жавхаа” хамтлаг нь алтан медаль, 1986 онд “Алтанбүрээ” шагналаар тус тус шагнагджээ.

Өөрийн шавь нараас Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны дарга асан МУУГЗ Б.Бямбабаяр, хөгжмийн зохиолч С.Ишхүү, уртын дуучин Д.Жавхаасайхан, Улсын симфони найрал хөгжмийн хөгжимчин Д.Бямбасүрэн, Т.Жаргалсайхан, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын тасгийн дарга дэд хурандаа н.Амаржаргал нарын шилдэг авъяастнуудыг төрүүлэн гаргасан бөгөөд, шавь нар нь багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлэн урлаг соёлын салбарт өөр өөрсдийн хувь нэмрийг оруулан амжилттай ажиллаж байна.

С.Бямбасамдан нь Монгол улсын соёл урлаг, боловсролын салбарт 45 жил өндөр бүтээлтэй ажиллаж, 1991 онд гавъяаныхаа амралтанд гарчээ. Түүний хөгжмийн урлаг, өсвөр залуу үеийг сурган хүмүүжүүлэх үйлсэд оруулсан хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж үнэлж “Алтангадас” одон, Ардын хувьсгалын 60, 70, 80, 90 жилийн ойн медаль, Ардын Боловсролын Тэргүүний Ажилтан, Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдэг, Монгол Улсын Засгийн газрын Хүндэт жуух бичиг, Боловсролын Яамны Хүндэт жуух бичиг, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв Хорооны Хүндэт жуух бичгээр тус тус шагнажээ.

Талийгаачийн гэгээн дүр, бүтээлч авьяас билэг, ажилч хичээнгүй, шударга, хөдөлмөрч зан чанар нь хань, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олон, мянга мянган шавь нарынх нь зүрх сэтгэлд үүрд дурсагдан үлдэх болно. Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн Ахмад Багш нарын холбоо Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутгийн зөвлөл Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна