Н.Баяртогтох: Дулаалгын 30 хувийг иргэд өөрсдөө, 70 хувийг төслөөс санхүүжүүлнэ

2017/05/29
Гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төр засгийн зүгээс олон арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа. Гэхдээ утаа байсаар байна.Бодит байдал дээр иргэд нүүрсний хэрэглээгээ бууруулахгүй бол мянга гайхамшигтай төхөөрөмж хэрэглээд үр дүн гарахгүй.

Тиймээс бид бодит байдалдаа тохирсон арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байгаа.  Манай нөхцөлд эхний ээлжинд байшингийн дулаалгыг хийх шаардлагатай. Гэр хорооллын айлууд байшиндаа дулаалга хийвэл нүүрсний хэрэглээг 10 дахин бууруулах боломжтой гэдгийг мэргэжилтнүүд сануулж буй.

Өөрөөр хэлбэл, таван тонн нүүрс хэрэглэж байсан бол байшингаа дулаалсанаар хагас тонн нүүр хэрэглэнэ. Энэ бол иргэд өөрсдийнхөө төлөө зардал багатайгаар хийх боломжтой хувилбар юм. 

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Дэлхийн банкны Улаанбаатар цэвэр агаар төсөл, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газартай хамтран “Дулаалга аян”-ыг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж, нээлтийн үйл ажиллагаа, иргэдэд зориулсан үзүүлэх сургалтыг Дүнжингарав үйлилгээний төвд зохион байгууллаа. 



Агаарын бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог дэмжих зорилгоор зургаан үе шаттай энэхүү аяныг санаачлан хэрэгжүүлж, нийслэлийн 200 өрхөд дулаалгатай болон дулаалгагүй үеийн дулаан алдалтын байдал, түлшний хэрэглээ, галлагааны тоо давтамжийг харьцуулан тогтоох туршилтын ажлыг хийх аж. 

Аяны талаар Улаанбаатар цэвэр агаар төслийн зохицуулагч Н.Баяртогтохоос  зарим зүйлийг тодрууллаа.

-“Дулаалга аян”-ыг хэрэгжүүлсэнээр бодитой ямар үр дүн гарна гэж харж байна вэ?

-Улаанбаатар цэвэр агаар төслөөс санаачлан хэрэгжүүлж байгаа энэ аян  агаарын бохирдлыг  бууруулах тодорхой зорилготой.

Иргэд маань амьдарч байгаа өөрийнхөө байр сууцаа дулаалсанаар  нүүрсний хэрэглээ багасна. Ингэснээр дулааныг цахилгаанаар өөр аргуудаар ч шийдэх боломж бүрдэх юм.

-Сонирхож байгаа иргэд энэ төсөлд хэрхэн хамрагдах вэ?

-Дүнжингарав, Драгон дээр нэг цэгийн үйлчилгээ, мөн  Сүхбаатар дүүргийн жижиг дунд үйдвэрлэлийг дэмжих төв дээр борлуулалтынхаа цэгийг нээж ажиллаж байна.

Эдгээр борлуулалтын цэг дээр  хүмүүсийн хүсэлтийг хүлээж аваад бид газар дээр нь очиж уулзана. Улмаар  тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг хангасан тохиолдолд энэ төсөлд хамрагдах боломжтой

-Төсөлд хамрагдах боломжтой иргэд ямар хөнгөлөлт эдлэх вэ?

 -Нийт дулаалгын 30 хувийн зардлыг иргэд өөрсдөө гаргана. Харин үлдсэн 70 хувийг төслөөс санхүүжүүлнэ. Дулаалгын үйл ажиллаанд иргэд маань өөрсдөө гар бие оролцож хийх юм.

-Дулаалгын материалууд бүгд туршигдаж баталгаажсан байгаа юу?

-Бүтээгдэхүүнүүдэд өндөр шаардлага тавьж сонгож авсан. Барилгын эрчим хүчний  хэмнэлтийн төвийнхөнтэй хамтарч ажиллаж байна. 

Гэхдээ энэ удаад гэр сууцыг бус байшин сууцыг төсөлд хамруулна. Учир нь байшин сууц илүү олон өрхийг хамарсан илүү үр өгөөжтэй байх болов уу гэж харж байна.  

Энэ үеэр эхний ээлжинд сонгогдсон 200 өрхийн иргэдэд үзүүлэх сургуулилт зохион байгууллаа. Сургалтад хамрагдсан иргэд дулаалгын материалаа хэрхэн сонгох, яаж дулаалах талаар мэргэжлийн хүмүүсээс практик зөвлөгөө авсан юм. 







С.Отгон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна