А.Хишигдалай “хулчийв” уу?

2017/06/05

“Universe Best Songs” тэмцээний шилдэг оролцогчоор тодорч олонд танигдсан дуучин А.Хишигдалай Боловсрол суваг телевизээс эрхлэн явуулдаг “Яг түүн шиг” шоуны хоёрдугаар улиралд оролцсон билээ. 



Тэрбээр шоуны нийт арван дугаараас есөн дугаарт нь өөрийн авъяас, чадварыг сорьж нэг удаа ялагч болсон юм.



Гэвч нэг удаагийн чанартай ялалт хангалттай гэж үзсэн үү гэлтэй Хишигдалай дугаар бүрт суларсаар хагас финалын шатанд хамгийн бага оноог авч шоуг орхисон юм. 






Хүн бүрт заяамгүй цээл хоолойтой дуучин бүсгүй шоу нэвтрүүлэгт тохирохгүй гэдгээ хагас финалын дугаар дээр өөрөө нотлосон. Тэрбээр “Хувирдаггүй Хишигдалайн хоолойг уучлаарай. Хичээгээгүй биш хичээсэн. Гэвч миний хоолой яагаад ч миний хүссэнээр хувирч чадахгүй байна. Шоуны дараа шинэ уран бүтээлээрээ уулзах болно” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан. Мөн тэрбээр тайзан дээр “Би угаасаа хасагдана гэдгээ мэдэж байгаа” хэмээн хэлсэн нь шүүгчдээс нэлээдгүй шүүмжлэлийг хүлээсэн удаатай.  



Мөн түүнтэй адил жүжигчин Б.Ариунцэцэг хагас финал дээр хасагдаж шоунд өрсөлдөх боломжгүй болсон. Гэвч тэрбээр төгсгөлийн шалгаруулалтанд Nightwish хамтлагийн дуучин Elan-ыг дуурайн тайзнаа эргэн гарч ирсэн нь үзэгчдийн сайшаалыг хүлээсэн төдийгүй бусад оролцогчиддоо ч халуун баяр хүргэсэн хэрэг байлаа. 



Харин А.Хишигдалай шоуны эцсийн шалгаруулалтад байгаагүй нь харамсалтай.



Хоёр сарын турш шоундаа хамт өрсөлдсөн оролцогчидоо  төгсгөлийн шатанд нь ирж дэмжээгүй явдал нь цахим хэрэглэгчдийн анхаарлыг татаад байна. Түүнийг хүлээж суусан уу гэлтэй үзэгчид цахим хуудсаараа дамжуулан “Хишигдалай хулчийлаа” гэх зэргээр нэлээдгүй үзэгчид шүүмжлэлээ хэлээд авна лээ. 
 
Х.Нэргүй 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна