"Овоо босгоогүй бол..." тоймч юунд шагшрах вэ?

2017/06/05
Төр засгийг цусаар угааж цэвэрлэх тухай улс төрийн тоймч Т.Гантулга гуайн үгийг нийгэм даяар нэлээн эмзэглэн хүлээн авч байх шиг. Тэр бүү хэл түүнийг баривчилж, байцааж буй тухай цуу ч сонсогдоно... Эрхэм тоймчийн үг ч үнэхээр сэрхийм аймшигтай. "Төр засгийг цэвэрлэх ганцхан арга бол түүнийг угааж цэвэрлэх явдал. Угааж цэвэрлэх зүйл нь угаалгын нунтаг биш. Энэ бол цус байна гэдэг нь тодорхой. Дор хаяж 200 хүний толгойг аваад, шонд өлгөөд монголчууд бүгдээр тойрон бүжиглэх аваас бүх авилгал үгүй болно" гэсэн. Шууд утгаараа нийгмийг цуст аллагад уриалан дуудаж байх аж. Өнөөдөр дундад зуун биш, тэр бүү хэл XIX зуун ч биш. Гуравдахь мянган эхэлчихсэн, алив асуудлыг илүү уян хатан, соёлтой хийгээд танин мэдэхүй, ухаарлын түвшинд шийдвэрлэхийг эрмэлзэх болсон цаг үе гэлтэй. 

ГЭХДЭЭ... нэг зүйлийг ноцтой анхаарах учиртайг Т.Гантулга тоймчийн үг сануулж байна гэж би хувьдаа бодно. 

"Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ?". Эх орноо цөлбөж, энгийн ард иргэдийн амьдралыг, бидний үр хүүхдийн ирээдүйг хуу хуугаар нь хулгайлдаг үзэгдэл байгаа цагт хэн ч ийм үгийг хэлэх л болно. Жирийн нэг хулгайн тухай яриа биш шүү. Нам нэрийн дор сүлбэлдэж бүлгэрхэж хулгайлж байна, хууль гарган хулгайлж байна. Тэрбум тэрбумаар нь, орд ордоор нь авч байгаа. Насаараа төрд алба хаасан хүн улсын толгой баян байдгийг ариун цагаан хөдөлмөрийнх нь үр шим тэр гэж би л хувьдаа огтхон ч итгэхгүй.

Гудамжинд ч, таксинд ч, ажлын ширээний ард ч, ер хэний ч амнаас ийм байтугай үг гарч л байгаа. Гантулга тоймч ТВ-ээр ярьснаараа л өөр болохоос. Тэгэхээр энэ учир замбараагүй идэж уудаг хүмүүс, намчингууд маань ханаж цадсан бол одоо жолоогоо жаахан татаасай билээ. Эс бол, ийм байдал үргэлжилсээр байх аваас олон түмний дунд төрд үл итгэсэн, нийгэм даяараа бие биедээ үл итгэсэн самуун байдал үргэлжилж, энэ нь бидний Монголыг, одоо болон ирээдүйн хөгжлийг сорсоор л байх болно. Цаашилбал үймээн самуунд ч шилжихийг үгүйсгэхгүй. Чухам асуудал тийм хурцаар шатлан өргөжихгүй байгаа нь бидний амгалан, хэнэггүй зангийнх. Гэвч монгол хүн цусаа үзэхээрээ улайрдаг язгуур шинжтэй. Зовлонгийн туйлд хүрэхээрээ бас улайрч ч мэднэ. Энэ бол заналхийлэл биш. Зовинол, болгоомжлол юм. 

Ер нь бол алуурчин, эрүүгийнхнээс эхлээд урвагчид, нийгмийг хагалган бутаргагчид, хортой үзэл санаа тээгчид, шимэгчид гэх мэт нийгэмд асар их сөрөг дарамт авчирдаг, засрахгүй муу хүмүүс гэж угаасаа байдаг. Хүн төрөлхтөн тэднээсээ салж ангижирч ирсэн ганц л арга байсан. Тэр бол хорих, эсвэл цаазлах. Үеийн үед тийм л байсан, өнөөдөр ч мөн адил. Соён гэгээрүүлэх, ухааруулан сэнхрүүлэх гэсэн нөр уйгагүй оролдлого бүр эцсийн эцэст хүчин мөхөсдөж, балран унаж байсан ба маш цөөхөн тохиолдолд л тэдгээр муу хүмүүс өөрчлөгдөж ирсэн ажээ. 
Ил шулуун, хатуу ширүүн л илэрхийлсэн болохоос биш тоймчийн үгэнд ҮНЭН бий. Түүнийг буруутгахаас өмнө өнөөдөр манай улсад улс орноо юу ч үгүй тонон цөлмөж, өрд оруулж, эгэл ардын амьдралыг самууруулж буй үзэгдэл ҮНЭХЭЭР БАЙНА УУ, эсвэл ҮГҮЙ ЮУ гэдэгт эхлээд хариулах шаардлагатай. "Овоо босгоогүй" бол, хулгай гаараагүй бол солиорчихсон биш захын хүн юунд ийм юм ярьж суух билээ?

Ингэхэд эрх мэдэлтнүүд, эд хөрөнгөтнүүд нь энгийн ард иргэдээсээ хулгайлан цөлбөхөө улс төр, ажил хэрэг гэж үздэг, харин энгийн ард иргэд нь тэр ил цагаан дээрмийн эсрэг тэмцэхийг хүчирхийлэл гэж жигшдэг байж таарахгүй. Бид улсаа тонодог хулгайчдыг ээлжлэн төрийнхөө жолоонд суулгадаг, гэхдээ бүр хамгийн том хулгайчийг нь хамгийн том сэнтийд залдаг байж бүр ч таарахгүй.

Б.Наминчимэд
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна