Гаалийн байцаагч нарт 1-6 жилийн хорих ял оноолоо

2017/06/07
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр Гааль татварын ерөнхий газрын Замын Үүд суман дахь Гаалийн байцаагч нарт холбогдох авилга хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдсон 36 хүнд холбогдох шүүх хуралдаан 2017.05.31-ний өдөр эхэлж 6 сарын 2,5,6-ны өдрүүдэд хуралдаж эцэслэн шийдвэрлэжээ.

Шүүхээс:
1. Гаалийн байцаагч Б.Ө-д ЭХТА-ийн 268.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан,
2. Гаалийн байцаагч Б.Ц-д нэмж нэгтгэн 3 сая төгрөгийг эд хөрөнгө хурааж 6 жил 6 сарын хорих ялаар, /ЭХТА 268.2,269.1/
3. Гаалийн байцаагч Т.М-д 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 6 жил 6 сарын хорих ял ЭХТА268.2/
4. Гаалийн байцаагч И.Н-т 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 6 жилийн хорих ялаар,/ЭХТА 268,2/
5. Гаалийн байцаагч М.Э-д 1 сая төгрөгийг эд хөрөнгө хурааж 5 жил 1 сарын хорих ял /ЭХТА 268.2/
6. Гаалийн байцаагч Б.О-т нэмж нэгтгэн 3 сая төгрөгийг эд хөрөнгө хурааж, гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 2 жил хасаж 6 жил 6 сарын хорих ял /ЭХТА 268.2, 263.2/
7. Гаалийн байцаагч Н.Б-д 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сарын хорих ял /ЭХТА268.2/
8. Гаалийн байцаагч Д.Н-т гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 1 жил хасаж 2 жил 6 сарын хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан /ЭХТА263.2/
9. Зургаан  хүнд ЭХЕА 551-д заасныг журамлан 3.5-3.7 жилийн хорих ял оногдуулсан /ЭХТА269.2/
10. Арван есөн  хүнд 1 жил 6 сарын хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан/
11. Нэг  хүнд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Хэргийн талаар  сануулахад,  Авлигатай тэмцэх газрын албан хаагчид 2016 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Гааль, татварын ерөнхий газрын нэр бүхий гаалийн улсын болон ахлах байцаагч нар албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдаас хээл хахууль авч байхад нь баривчлан саатуулсан байдаг.

Тэднийг гаалийн бүрдүүлэлт хийсэн автомашинуудад хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгүй хурдан хугацаанд саадгүй гаргах, мөн татварын хувь хэмжээг бууруулахаар амлан БНХАУ-аас Замын-Үүд дэх гаалийн газрын хяналтын талбайд орж ирсэн автомашинуудад ачигдсан бараанд төлөгдвөл зохих татварын мөнгийг бүрэн төлүүлэлгүйгээр гаргаж, бусдаас удаа дараа хээл хахууль авсан хэрэгт холбогдсон юм. 

Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна