Галзуу хочит эрдэмтэн Никол Теслагийн тухай хүний санаанд оромгүй зүйлс

2017/07/06
Ажил олгогч Томас Эдисoны сүүдэр дор амьсгал хураасан ''галзуу'' эрдэмтэн Серби гаралтай зохион бүтээгч, инженер, физикч Никол Теслаг бид AC индукцитэй хөдөлгүүр болон Теслагийн цахилгаан утас зэрэг нээлтүүдээр нь мэдэх билээ.

Тэр агуу зохион бүтээгч байсан ч түүний хувийн амьдрал тийм ч амжилттай байсангүй. Нийтэч бус зан авираасаа болж нэг ч удаа найз бүсгүйтэй болж байгаагүй байна. Эцэст нь тэр үгээгүй ядуу, цор ганцаар хорвоог орхижээ.

Түүний этгээд гэмээр зан авирууд, гайхамшигт оюун ухааныг нь үргэлжлүүлэн судалсаар байгаа ажээ.

Энэ цаг үеийн хамгийн нарийн төвөгтэй, ойлгоход бэрх Никол Теслагийн тухай баримтуудыг хүргэж байна.

 1. Тэр аянга цахилгаан цахиж байхад төржээ.

Тесла 1865 оны долдугаар сарын 10-ны өдөр Кротиагийн Смилжанд төржээ. Түүнийг төрөх үед аянга цахилгаан цахиж байсан нь хожим түүнийг цахилгаантай холбоотой олон нээлтүүдийг гаргахад нөлөөлсөн болов уу?

Эх баригч эмэгтэй аянга цахилгааныг үзэж, Теслаг ‘’харанхуйн хүүхэд’’ хэмээсэн ч түүний ээж ‘’Үгүй дээ, тэр бол гэрэл гэгээний хүүхэд’’ гэжээ.


Теслагийн төрсний гэрчилгээ

2. Тэр гэрийнхээ анхны зохион бүтээгч биш.

Түүний ээж зохион бүтээгч байсан байна. Тэр ээрүүлнийхээ загварыг шинэчилж, ажиллахад амархан болгохоос эхлүүлэн их гарын ур дүйтэй хүн байсан байна.



3. Тэр санваартан болох шахжээ.

Теслагийн аав Милутин санваартан байсан ба хүүгээ ч мөн өөрийн адил санваартан болгохыг хүсдэг байжээ.
Гэвч Тесла булчин задрах өвчнөөр шаналж, аав нь түүнийг өрөвдөн өөрийнх нь хүссэн Инженерийн сургуульд эдгэрснийх нь дараа явуулжээ.



Теслагийн аав Милутин

4. Тэр цэрэг татлагаас ‘’бултжээ’’.

1874 онд Австрийн Политехникийн коллежид элсэн суралцах бэлтгэл ажлаа хийж байхдаа ч Тесла булчин задрах өвчинтэйгөө тэмцэлдсээр л байсан байна. Гэтэл удалгүй Австри болон Туркийн дайн эхэлжээ. Теслагийн аав түүнийг ууланд бүгэж өвчнөө эдгээгээд зогсохгүй цэрэг татлагаас зугт хэмээн ятгажээ. Ингээд Тесла гурван жилийн турш Кротиагийн ууланд бүгэж, байгальтай ойртон, өвчнөө ч эдгээсэн байна.



5. Тэр тагтаануудад ухаангүй хайртай байв.

Тесла тагтаанд дуртайгаа мэдэж, цэцэрлэгт хүрээлэнд тагтаа хооллон суух  болов. Тэр хөгширч өвчин тусаж, тагтаануудыг өөрөө хооллож чадахгүй болж, хүн хөлслөн тагтаануудыг хооллодог байжээ.

Гэмтэж бэртсэн тагтаануудыг гэртээ авчирч, тэнхрүүлдэг байв. Нэгэн удаа тэр бяцхан тагтаа олж гэртээ авчран тэжээх болов. Тесла хэлэхдээ ''Би тэр тагтаанд яг л эрэгтэй хүн эмэгтэй хүнд дурлаж, хайртай болдог шиг дурласан. Миний амьдрал тэр үеэс утга учиртай болох мэт санагдсан'' гэж дурссан байдаг.

Теслагийн зурсан тагтаа

6. Тэр ирээдүйд эмэгтэйчүүд эрчүүдээс илүү гарч, амжилттай явна хэмээн итгэдэг байжээ.

1926 онд өгсөн ярилцлагадаа ''Эмэгтэйчүүд ирээдүйд илүү их амжилт олж, зөгийн үүр мэт нийгмийг үүсгэнэ. Биднийг сайн зүйлд хөтлөх эмэгтэйчүүдийг бид хүндлэх ёстой'' гэжээ.



7. Тэр сайхан сэтгэлтэй, тусч нэгэн байв.

Тесла хайр дурлалын харилцааг хойш тавьж, эмэгтэйчүүдтэй ямар ч бэлгийн харилцаагүйгээр зөвхөн ''зүрх сэтгэлийн холбоо'' үүсгэдэг байв.  
Гэрлэсэн эрэгтэй агуу зүйлийг зохион бүтээж чадахгүй хэмээн хэлсэн удаатай.


Алдартай жүжигчин Сара Бернард- Теслатай ''зүрх сэтгэлийн холбоотой'' байсан эмэгтэй.

8. Тэр бараг унтдаггүй байв.

Тесла өөрийгөө шөнө хоёр цаг л унтдаг гэжээ. Огтхон ч унтахгүйгээр хоёр гурван өдөр лабораторидоо зохион бүтээх ажлаа хийж чадна хэмээн хэлж байсан удаатай. Теслагийн найз Кеннет Свизи түүнийг үнэхээр шөнө 2 цаг унтаж, заримдаа огтхон ч унтахгүй ажилладаг гэдгийг баталсан.



9. Тесла Марк Твейний өтгөн хатах зовиурыг эмчилсэн.

Тесла амьд ахуй цагтаа домогт зохиолч Марк Твейнтэй дотны найзууд байжээ. Булчин задрах өвчнөөр шаналж, хэвтэрт байх үедээ Маркын зохиолуудыг уншиж, түүнийг биширдэг байсан байна.

Сүүлд Тесла АНУ-рүү нүүж Марк Твейн тэр хоёр үй зайгүй найзууд болсон гэдэг.

Марк Твейн амьдралынхаа турш өтгөн хатах зовиураар шаналж байжээ. Тэр цаг үргэлж өвчнийхөө талаар гомдоллодог байв. Найзынхаа өвчнийг намдаахын тулд Тесла чичирч, хэлбэлздэг метал дугуй бүтээж найз дээрээ туршжээ. Уг туршилт бүтэлтэй болж Марк өөрийн зовиурыг бүрэн мартсан гэдэг.



10. Тэр үхлийн туяаг зохион бүтээсэн.

1930 онд Тесла маш нарийн цацраг туяа гаргах төхөөрөмж зохион бүтээсэн бөгөөд үүнийгээ Телефорс хэмээн нэрлэжээ.

1934 онд Тесла зохион бүтээсэн машиныхаа тухай тайлбарлахдаа ‘’Машины хошуу байг чиглэн маш нарийн хоолойгоор үхлийн туяа ялгаруулна. Ойр хавийн 300 км-ийн дотор байгаа дайсны  10,000 нисэх онгоцыг устгах чадалтай. Улсынхаа хилийг хамгаалж, дайснуудыг ирэх замд нь алах зорилготой бүтээсэн’’ гэжээ.



11. Тэр 1901 онд утасгүй холбоо барих хэрэгслийг зохион бүтээсэн.

Нью Ёоркийн Лонг Айландад энэхүү төхөөрөмжөө байрлуулсан. Зохион бүтээсэн хүнийхээ нэрээр нэрлэгдсэн Варденклиф цамхагт байрлуулжээ. Түүний утасгүйгээр холбох төхөөрөмж тийм ч сайн ажилладаггүй байсан бөгөөд 1917 онд түүний төхөөрөмжийг цамхагаас буулгажээ.



12. Тэр цаг үеэсээ түрүүлж сэтгэдэг байв.

Байгаль орчны асуудал яригдаж эхлэхээс өмнө Тесла сэргээгдэхгүй эрчим хүчийг хэт их ашиглаж байгаад зовнидог байжээ. Тэр алдарт байгаль судлаач Жон Муйртай найзууд байсан нь түүнийг байгаль орчинд санаа тавьдаг байдалд нөлөөлжээ.



13. Тэр 8 хэлээр чөлөөтэй ярьдаг.

Сербо-Кротиан, Англи, Казах, Герман, Франц, Унгар, Итали, Латин хэлээр ярьж, ойлголцож чаддаг байжээ.



14. Тэр цагаан хоолтон байсан.

Махыг бэлтгэх үйл явц эрүүл бус, байгальд хортой гэж үздэг байсан тул тэр сүү болон жимс ногоогоор хооллодог болсон байна.
Түүний ааш зан хэвийн бус хооллолттой нь холбогдон өөрчлөгдсөн гэж намтар судлаачид үздэг.



15. Тэр хамгийн анх усан цахилгаан станцыг зохион бүтээсэн.

1895 онд Америк инженер Жорж Вестинхаустай хамтран Ниагара хүрхрээний ойр анхны усан цахилгаан станцыг зохион бүтээсэн. Түүний бүтээсэн усан цахилгаан станц өдгөө Дэлхийн хүн амыг цахилгаанаар хангаж байгаа билээ.



16. Тэр сувднаас айдаг байжээ.

Сувд харагдахын төдийд айж, огтхон ч харж тэвчдэггүй байжээ. Нэг удаа сувдан зүүлт зүүж ирсэн нарийн бичгээ гэртээ очоод солиод ир хэмээн явуулж байсан удаатай. Энэ түүний этгээд хачин зан авируудын нэг. Тесла мөн гуравын тоонд маш их дуртай байсан ба нянгаас ихэд болгоомжилж, маш цэвэрч явдаг хүн байжээ. 

Түүнийг ямар нэгэн зүйлд их гүнзгийгээр донтдог өвчтэй хүн байсан гэдэг таамаг байдаг.





17. Тэр үгээгүй ядуу болж, орь ганцаар үхсэн.

1943 оны нэгдүгээр сарын 7-нд зүрхний титэм судасны бөглөрөл гэсэн оноштойгоор олон жил түүний гэр байсан Нью Ёоркын зочид буудлын өрөөндөө амьсгал хураажээ.


 
С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна