С.Батбаатар: Баянхонгорынх гэдэг миний удам угсаа хүртэл намайг сэжигтэн болгоход хүргэж байна

2017/07/07
Нэгдүгээр зэрэглэлийн Төрийн тусгай хамгаалалтад байдаг УИХ-ын дарга М.Энхболдын хувийн болон албаны мэдээллүүд алдагдаж байгаа тул ТТХ-ын газрынхан Цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд  Цагдаагийн байгууллага мэдээллийн мөрөөр ажиллаж УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтан Даваасүрэнгийн Ууганбаатар гэдэг хүнийг дээрх мэдээллүүдийг задалсан хэмээн үзсэн талаар бид мэдээлсэн.

Төрийн тусгай хамгаалалтын мэдээлсэнчлэн Д.Ууганбаатар нь хамгийн сүүлд УИХ-ын экс дарга Зандаахүүгийн Энхболдтой 04 сарын 4-ны 10.00 цагийн үед холбоо барьснаасаа хойш сураггүй болжээ. Түүний унаж явсан, өөрийнх нь эзэмшлийн 96-90 УНЛ улсын дугаартай, мөнгөлөг өнгийн автомашин энэ сарын 4-ний 15.00 цагийн орчимд Баянгол зочид буудлын хашаа руу орж зогссоноосоо хойш хөдлөөгүйг Замын цагдаагийн газрын камер тогтоосон тухай мэдээлэл цацагдсан.

Тэгвэл УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга С.Батбаатар бичлэг хулгайлсан гэх Д.Ууганбаатарын талаар фэйсбүүк хуудастаа байр сууриа ингэж илэрхийлжээ.


-Бүгдэд мэнд дэвшүүлье. Тэсэн тэссээр тэвчээр туйлдаа хүрч, нүүр номоороо хүмүүст хандаж байна. Надтай хамт ажилладаг Даваасүрэнгийн Ууганбаатар гэдэг залууг тойрсон хэрэг явдал олны анхааралд нэгэнт оржээ. Саяхан өөрөө богинохон хугацаанд нүүрээ харуулж ярилаа. Хүнийхээ хувьд санаа зовж байсан би эрүүл саруул байгаад нь баярлалаа. Гэхдээ юу ч тодорхой болсонгүй.

Болсон явдлыг чи бид хоёр л хамгийн сайн мэднэ. Мэтгэлцээний бэлтгэл хийх ажилдаа бичлэг хийж өгөхийг уг үйл ажиллагааг зохион байгуулагчид биднээс хүссэн. УИХ-ын харьяа байгууллага УИХ-ын даргынхаа сонгуулийн бэлтгэл ажлын ярианы дүрсийг бичээд, монтажилж өгөх нь албан үүргийн биш юмаа гэхэд ердийн л тусламж төдий, хүн ёсны асуудал. 

Бэлтгэл дууссаны дараа 2 камерийн дүрсний илүү дутуу хэсгийг хасаж, нэг файл болгосон. Энэ ажлыг Ууганбаатар болон манай өөр нэг ажилтан хамт хийсэн. Дараа нь 3 карт (2 камерийн картнаас гадна эвлүүлсэн дүрсний 1)-ыг надад өгсөн. Би тэдгээрийг 5 хоног өөртөө хадгалсан. Сонгуулийн эхний шатны санал хураалтын маргааш буюу 27-нд Ууганбаатар надаас өөрийн камерийн картыг авсан. Дүрс нь устгагдаагүй хэвээр байгааг хэдэн хормын дараа гэнэт санаж, өрөөнд нь ороод “Одоо наад дүрс чинь хаана ч хэрэггүй ээ. Устгаарай” гэж хэлэхэд “Устгачихлаа” гэж хэлсэн. Тэрнээс хойш 6 хоногийн дараа буюу Ууганбаатарыг ээлжийн амралтаа эдэлж эхэлсэн өдрийн орой мөнөөх юу ч бишийг юм болгож, бас “Цагаан цаас, Сарандаваа” гэх мэт “хөөрхөн” эвлүүлэг шургуулсан дүрс нүүр номд гарч ирсэн дээ. Ууганбаатар луу утасдсан, маргааш ажил дээрээ ир гэж хэлсэн. Маргааш нь “Би яалаа гэж ийм юм хийхэв. Би ер нь эзнийг нь өөрөө олно оо” гэж хэлснээсээ хойш цагийн дараа утас нь холбогдохоо больсон. Болсон явдал ердөө л энэ.

Эндээс би дараах 3 зүйлийг Ууганбаатарт хандаж хэлэхийг хүсэж байна.

1. Алдагдсан гэх дүрс чиний бичсэн, чиний камерийн, чиний хамгийн сүүлд надаас авсан картанд байсан. Өөр хаана ч байхгүй гэдгийг чи мэднэ.
2. Үнэнээрээ байх шиг сайхан юм үгүй. Худал ямагт үнэнд гүйцэгддэг. Гэхдээ зарим тохиолдолд энэ жам ёсоор болох хүртэл тодорхой хугацаа шаардагддаг. Хугацаа их байх тусам хөлдөө хөө чирдэг, олон зүйлд хар мөрөө үлдээдэг гэдгийг санаарай. Хамт олноо, бүхэл бүтэн байгууллагыг тоодоггүй юмаа гэхэд гэргий, хүүхэд, өндөр настай ээжийгээ бодох нь чиний үүрэг. Одоо сүүлдээ Баянхонгорынх гэдэг миний удам угсаа хүртэл намайг сэжигтэн болгоход хүргэж байна. Үнэнээ хэлэх зарим үед ичгэвтэр байдаг ч хожмоо сэтгэл цагаан, нүүр бардам байхын шалтгаан болдог юм шүү. 

3. Хүний итгэлийг хулгайлах шиг аймшиг үгүй. 2016 оны 9-р сард би УИХ-ын Хэвлэлийн хэлтсийн дарга болоод урьд нь ажиллаж байсан нэг ч хүнийг ажлаас өөрчлөөгүй. Бүгд одоо ажиллаж байгаа. Хэнийг ч хажиглаж, гадуурхаагүйг чи ч, бусад нь ч батлах байх аа. “Та нарт итгэж байна. Битгий л улс төртэй хутгалдаарай” гэж би хэлсэн, “Чи хүмүүстээ итгэж байгаа бол надад хэлэх юм үгүй ээ. Сайн ажиллаарай” гэж М.Энхболд дарга хэлсэн. Ийм итгэл тийм бага үнэтэй байх ёсгүй.

Би өмнө нь гурван Ерөнхий сайдын Хэвлэлийн албыг удирдаж байсан. Энэ нь дарга дагаж далдаганасан, алба тушаал горилж гүйсэн гэсэн үг биш ээ. Би одоо ажиллаж байгаа албаа оруулаад 4 удаа тэнд уригдаж очиж ажилласан. Улстөржих өчүүхэн үйлдэл гаргаж байгаагүйг хүмүүс мэдэх байх. Би энэ албыг төрийн алба гэж бодож, мэргэжлийн, ёс зүйтэй, хариуцлагатай байх ёстой гэсэн 3 зарчмыг л мөрдсөөр ирсэн. Би үнэн байхыг хичээдэг. Нэгийн өмнө цэцэг, нөгөөгийн өмнө өргөс байхыг тэвчдэггүй.

Би сэтгүүл зүйд 30 жил ажиллажээ. Залуу сэтгүүлч явсан. Цэрэндоржийн Балдорж, Батмөнхийн Лигдэн, Баарангийн Пүрэвдаш нарын аваргуудын дэргэд сэтгүүлч болсон. Хамт олон удирдаж цөөнгүй жилийг өнгөрөөсөн. Олон залуустай ажилласан. Шавь гэж хэрвээ тооцож болох бол надаас үг сонссон сэтгүүлчид хэдэн зуугаараа бий. Миний бусдын итгэлийг гээж яваагүйг, бусдад бас итгэж явсныг тэд мэднэ. Энэ бүхнийг өгүүлэхийн учир нь “мөнөөхөн хэрэгт” намайг хамсаатан болгож нүхэнд унагах гэсэн хүмүүсийн зэс хошуу цухалзаад эхэлсний учир болой.

Эцэст нэг зүйлийг хэлэхэд энэ удаагийн сонгууль хэрээс хэтэрсэн муухай сонгууль болж байна. Шалавхан дуусаасай гэж хүмүүс бүр шаналж байна. Ийм үзэгдээгүй муухай сонгууль болоход юу нөлөөлж буйг хүмүүс мэдэж байгаа. Хэрээнээс хар технологид гаршигчид, түүнийгээ эрдэм гэж эндүүрэгчид ийм болгосон. Тэд олон сайхан залуусыг, хүмүүсийг, үзэл бодлыг, сэтгэл зүрхийг энэ буруутайгаа хутгаж, буртаглаж байна. Манай Ууганаа гэдэг жирийн нэг уран бүтээлч залууг хүртэл тэд ийм чөтгөр шулмын шүлстэй тойрогтоо орооцолдуулсанд харамсаад барахгүй нь. 

Би нутгийн дүү Х.Баттулгыг хүнийх нь хувьд хүндэлдэг. Тэр эх оронч сэтгэлтэй хүн. Их зүйл хийх хүсэлтэй ч байх. Ямар ч байсан Монголын жүдог босгох шиг босгосон. Одоо энэ хэрүүлээс салдаггүй чөлөөтийг босгоод өгчихөөсэй гэж боддог. Гэхдээ Монгол Улсын Төрийн тэргүүн болох хүн биш юм байна. Ард түмнээ хуваадаг, талцуулдаг, дайсагнуулцдаг, хүмүүс хоорондын итгэлийг хулгайлдаг хүн Монгол төрийг тэргүүлж болохгүй. Харин М.Энхболд бол ямагт эв эеийн зүгт явдаг, эрхэм сайхан нөхөрлөлийг дээдэлдэг хүн гэдгийг би сайн мэднэ. Бусдад бурууг хийх, буруудсаныг дэвслэх, ялган гадуурхах, тээршаан зугтах сэтгэл түүнд байдаггүй юм. Хагарах гэж байгааг эвлүүлж, эвдрэх гэж байгааг засахыг нь би олон удаа, ойроос харсан. Үнэнийг нүд л гэрчилдэг биз дээ. Нүдээр харсандаа итгэж, чихээр сонссоноо санаж, сэтгэлээр мэдэрсэндээ үнэмших л зөв биз ээ.

Өнөөдөр сонгууль болно. “Эвтэй Монгол” энэхэн замбуулинд дуурсаасай гэж би хүсэж байна.

Содномдаржаагийн Батбаатар 2017.07.07


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна