Сонгуулиа өгсөн хүмүүсийг ийм бэлэг хүлээж байна

2017/07/07
Манай улсад 18-35 насныхан буюу идэр залуусынхны дунд сонгуулийн ирц хангалтгүй байдаг. Тиймээс энэ удаагийн дахин санал хураалтын ирцийг хангалттай бүрдүүлэх үүднээс компани, бизнес эрхлэгч нар сонгууль өгсөн залууст зориулан доорхи гэнэтийн бэлгүүдээр шагнахаар болжээ. Нийгмийн хариуцлагаа хүлээж, олон нийтийг сонгуульд идэвхтэй уриалж байгаа байгууллагуудаа сайтынхаа зүгээс баярласнаа илэрхийлье. 

Кинотеатрын үнэгүй тасалбар

Сонгуульдаа оролцсон хүмүүс өнөөдөр “Гэгээнтэн” кинотеатрт дуртай киногоо үнэгүй үзэх боломжтой. Тасалбар авахдаа билетийн касс дээр санал өгсөн бүртгэлийн хуудас болон, хурууны тэмдэглэгээ үзүүлэх аж. Сонгуулийн бүртгэлийн хуудсаар тухайн хүн өөрөө л үзэх эрхтэй бөгөөд хуудсыг хурааж авахгүй, харин кино үзсэн тамга дарах гэнэ. Тус театрт одоогоор гарч буй “Despicable me 3”, “Fantastic journey to OZ”, “Alien”, “Spark” зэрэг киноноос сонгон үзэх боломжтой. Харин “Spider man – Home coming” кино шинээр нээгдэж байгаа тул сонгуулийн бүртгэлийн хуудсаар үйлчлэхгүй юм байна.



Кофе шопын үнэгүй кофе

"THE COFFEE BEAN & TEA LEAF"-ийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд залуусыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж, бүртгэлийн хуудсаа үзүүлэн, дуртай кофегоо үнэгүй авахыг санал болгожээ. Ингэхдээ аль нэг нам, улс төрийн хүчнээс хамааралгүй санаачилсан тухайгаа онцоллоо. Та хуудаснаас гадна хурууны тэмдэглэгээг харуулан тус кофе шопын салбаруудаас кофе эсвэл цайгаа аваарай.
(Салбарууд: Наран молл 1 давхарт, Сөүлийн гудамж 42/1; Туул ресторан 1 давхарт, Барилгачдын талбай; Гурван өндрийн 3-р байр 13-р хороолол; Их дэлгүүрийн баруун талд, Наран центр; Баянгол зочид буудлын 1 давхарт)



Сугалаанд оролцож, машин хожиж болно

Хьюндай брэндийн албан ёсны борлуулагч "Монгол Хьюндай Автомотив" компани долдугаар сарын 7-нд “Ёндоотой сонгууль” зохион байгуулах гэнэ. Та сонгуульд санал өгсөн бүртгэлийн хуудсаа тус компанийн албан ёсны хуудсанд комментоор байршуулах бөгөөд долдугаар сарын 8-нд Хьюндай автомашины хоёр ялагчийг санамсаргүй байдлаар түүвэрлэн тодруулах аж.
 

Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна