Арьсаа залуугаар нь авч үлдэхийн тулд юу хийх ёстой вэ?

2017/07/10
 
Бид хөгшрөхөөс зугтаж чадахгүй, гэвч арьсаа арчилж тордон, залуу харагдуулж чадна.
 
Шинжлэх ухаанаар нотлогдсон, арьс арчилгааны заавал мэдэх ёстой зүйлсийг хүргэе.
 
Алдартай одууд ч үүрд мөнх сайхан арьсаа хадгалж чадахгүй. Дэлхийн татах хүчний нөлөө болон цаг хугацааны эрхээр арьс үрчийж, сулардаг.
 
Гэвч эрдэмтэд хөгшрөлтийг 40%-иар удаашруулж болох аргуудыг нээжээ.
 
Та доор дурдагдсан алхмуудыг зөв хэрэгжүүлж чадвал хөгшрөлтөө 40% удаашруулж чадна.
 
  • Арьсаа нарны хорт туяанаас хамгаалах.
Нарны тосонд л найдаад байлгүй малгай өмсөж, шүхэр барьж боломжтой бүхий л аргыг хэрэглэн арьсаа хамгаалах хэрэгтэй. Гадаацаг агаар ямар ч байсан хамаагүй, бүхий л улирлын турш нарны хорт туянаас арьсаа хамгаалж, нарны тос түрхэж заншаарай.
Нарны тос сонгохдоо SPF30->50-ийг сонгох нь хамгийн зөв байдаг байна.

 
  • Арьсаа хүчээр борлуулах хэрэггүй.
Хуурамч нарны гэрлээс арьсаа хамгаалах нь жинхэнэ нарны туяанаас арьсаа хамгаалахтай адил маш чухал зүйлсийн нэг. Арьс борлуулах аппаратны гэрэл жинхэнэ нарны туяанаас 12 дахин их хортой туяаг ялгаруулдаг тул хүний арьсыг маш хурдацтай хөгшрүүлдэг.

 
  • Тамхи татахаа болих.
Тамхинаас гарах олигтой шалтгаан олдохгүй байгаа бол таны арьсанд үрчлээ үүсгэдэг гэдгийг санаад тамхинаас татгалзаарай.
Тамхинд агуулагддаг никотин нь цусны судсыг нарийсгаж улмаар арьсны цусны эргэлтийг алдагдуулж хөгширхөд хүргэдэг. Мөн тамхинд агуулагддаг бусад химийн бодис арьсны коллагеныг гэмтээдэг. 
Эцэст нь тамхи татаж байгаа хүн нүүрнийхээ маш олон булчинг ажиллуулж, өдөрт хэдэн удаа тамхи татдагаас шалтгаалан үргэлж нүүрээ хөдөлгөж байдаг тул хурдан үрчлээтэхэд ихээр нөлөөлдөг ажээ.

 
  • Жимс ногоо сайн идэх.
Мөхөөлдөс, чизбургер, гахайн утсан махны дэргэд жимс ногоо сонирхолгүй ч арьсанд хамгийн ихээр нөлөөлдөг зүйл бол хоол хүнс гэдгийг санаад хоолны дэглэмдээ өөрчлөлт оруулаарай.
Чихэр ихээр агуулсан хоол хүнс арьсны коллагеныг гэмтээж үрчлээтсэн унжуу арьстай болгодог байна. Эрүүл хооллож, ногоо, загас, самар, жимс зэргээс хэрэгцээт уургаа авснаар арьсанд шууд эерэг нөлөөнүүдийг үзүүлж эхэлдэг ажээ.

 
  • Арьсаа тогтмол чийгшүүлэх
Чийгшүүлэгч тоснууд нэгэнт үүссэн үрчлээг арилгаж чадахгүй гэдэг нь нотлогдсон. Гэвч өдөр тутам тогтмол арьсаа чийгшүүлэх нь  арьсны чийгийн түвшинг тэнцвэртэй барьж, үрчлээнүүдийг багасгаж харагдуулах, мөн шинээр гарч ирэх үрчлээнүүдээс сэргийлэх шидтэй байдаг ажээ.

 
  • Хангалттай унтаж амрах
Нойр үнэхээр хүний гоо үзэсгэлэнтэй салшгүй холбоотой ажээ. Нойргүй удаан явснаас болж эрүүл бус, хөгшин харагддаг хэмээн эрдэмтэд тогтоожээ. Насанд хүрсэн хүн өдөрт 7-9 цаг унтаж амрах ёстой байдаг байна.



 
 
С.Тэргэл 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна