Хэвлийн тус газарт нь хоёр удаа дэвсэн эхнэрийнхээ аминд хүрсэн залууд 8-15 жилийн ял өгөхөөр болжээ

16 цаг 48 минутын өмнө

Өчигдөр эхнэрийнхээ зүүн баруун шилбэнд нийтдээ гурван удаа хутгалж танхайрсан иргэний талаар мэдээллийг хүргэсэн. Тэгвэл энэ сарын 4-ний өдөр хардалт, гэр бүлийн маргааны улмаас нэгэн эмэгтэй амиа алдаж, хүүхдүүд өнчирсөн харамсалтай хэргийн шийдвэрлэлтийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэж байна.

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчдэгч Ч.Г-т холбогдох хэргийг шүүн хэлэлцжээ. Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Хэргийн тухайд өгүүлэхэд, энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдөр шүүгдэгч Ч.Г нь гэртээ хамтран амьдрагч Д.Д-г “Гэрээсээ гарч архи уулаа” хэмээн бусадтай хардан, хэрүүл маргаан үүсгэжээ. Улмаар Д.Д-гийн хэвлийн тус газарт хоёр удаа дэвссэн байна. Хохирогчийг эмнэлэгт хүргэн, яаралтай хагалгаанд оруулсан ч амь насыг нь аварч чадаагүй аж. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр талийгаач нь хэвлийн битүү гэмтэл, элэгний няцрал бүхий гэмтлийн улмаас нас барсан гэсэн дүгнэлт гарсан байна. Шүүгдэгч Ч.Г нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 32 настай, ямар нэг боловсрол мэргэжилгүй нэгэн аж.

Шүүгдэгч сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө “...Чи хэнтэй архи уусан юм бэ гэсэн чинь хэнтэй ч уугаагүй гэсэн. Амнаас нь архи үнэртэж байсан. Тэгээд над руу уурлаад байхаар нь баруун гараараа шанаа хэсэг рүү нь нэг удаа цохисон. Орон дээр суугаад янз бүрээр хэлээд байхаар нь хүйс хэсэг рүү нь баруун хөлөөрөө өшиглөчихсөн чинь манай эхнэр Д эвхрээд уначихсан. Би тухайн үед согтуурхаад байгаа юм уу гэсэн чинь манай эхнэр Д “Ханиа би үхэх гээд байна ш дээ” гэсэн. Манай эхнэр гаднаас ирэхдээ зүгээр ирсэн” гэжээ.

Хохирогч Б.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “....2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр манай хамаатан У, А нар над руу утсаар яриад Д-гийн биеийн байдал муу байна, орж ир гэсэн. Яагаад, юу болов гэхээр хүн зодсон гэсэн. Манай хүргэн Г манай охиныг юунаас болоод яагаад зодсоныг мэдэхгүй байна. Би охиноо алдсанд туйлын их гомдолтой. Хөхний сүү нь гоожоод байхад эмнэлэгт үзүүлэхгүй оройтуулж амь насыг нь хохироосонд гомдолтой байна. Миний гомдол тасрахгүй, хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү...” гэжээ.

Гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд “...Би Д.Д-г 2010 оноос хойш танина. Нөхрөөсөө айгаад байдаг. Манай гэрт тухтай ч цай уудаггүй юм. Утас нь дуугарлаа бол шууд яараад л яваад өгдөг. Гэрээс гардаггүй, байнга л гэртээ байж байдаг хүн байсан” гэж мэдүүлсэн байна. Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхээс шүүгдэгч Ч.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар зүйлчилж ирүүлснийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах (8-15 жил хорих ялаар шийтгэх) нь зүйтэй гэж үзжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна