2017 оны байдлаар суудлын автомашины импорт өмнөх оноос 61,7 хувиар өсчээ

8 цаг 52 минутын өмнө
Автомашины Онцгой албан татварын нэмэгдэл Японоос орж ирж буй суудлын автомашины урсгалыг нэмэгдүүлж, оны эхний хагас жилд суудлын автомашины импорт өмнөх оноос 61.7 хувиар өссөн байна. Тодруулбал, өмнөх оны эхний хагас жилд Монгол Улсад нийт 120.3 сая ам.долларын өртөг бүхий 18 мянга 204 суудлын автомашин импортоор орж ирж байсан бол энэ оны эхний хагаст 143.3 сая ам.долларын өртгөөр 29 мянга 476 автомашин импортолсон байна. Үүний дийлэнх хувийг буюу нийт импортын 89.4 хувь нь зөвхөн Япон улсаас импортолсон автомашин байна. Үнийн дүнгээр нь тооцвол 143.3 сая ам.долларын автомашин импортолжээ. Энэ нь Япон улсаас импортолсон суудлын автомашин өмнөх оноос 27 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Харин бусад улс орныг харвал БНСУ-аас 4.4 сая ам.долларын импорт, ХБНГУ-аас 4.4 сая ам.долларын импорт хийгдсэн байна. Үүнээс онцлох нь Германы автомашины импорт өмнөх оноос хоёр дахин буурсан байгаа юм.

Харин суудлын автомашины Онцгой албан татвараас улсын төсөвт орсон орлого өмнөх оноос 47 хувиар өсөж, 27.9 сая төгрөг болсон байна. Ачааны автомашины хувьд импорт мөн өссөн дүнтэй гарчээ. Оны эхний зургаан сард ачааны автомашины импорт өмнөх оноос 52.6 хувиар өсөж, 5604 автомашин импортолсон байна. Уул уурхайн салбарын идэвхжил нэмэгдэж байгаатай холбоотойгоор ачааны автомашины импорт бас өсжээ. Мөнгөн дүнгээр нь тооцвол 2016 оны эхний зургаан сард 25.8 сая ам.долларын импорт хийгдэж байсан бол энэ онд 65.7 сая ам.долларын импорт хийгдэж өмнөх оноосоо 2.5 дахин өссөн байгаа юм. Үүнд БНХАУ-аас импортолсон ачааны автомашин өмнөх оноос 4.8 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Мөн зургаадугаар сард тээврийн хэрэгслийн худалдан авалтын дэд бүлгийн үнэ 21 хувиар өссөн дүнтэй гарлаа. Энэ нь өнгөрсөн сарын хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ оны мөн үеэс 3.3 хувиар өссөн дүнтэй гарахад голлон нөлөөлсөн байна.
 
Х.Нэргүй

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна