Авлига авч байгаад газар дээрээ гардуулсан Д.Батбаярыг шүүх, прокурор суллах шийдвэр гаргажээ

2017/12/14
Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга Д.Батбаярыг АТГ-аас авлигын хэрэгт сэжигтнээр татан саатуулаад байсан билээ. Тэгвэл Шүүх болон прокурорын байгууллагын зүгээс Д.Батбаярыг суллах шийдвэр гаргасан байна

Хэргийг нэхэн сануулбал, Өнгөрсөн жилээс эхлэн Гашуунсухайт, Ганцмодны хилийн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа машины тоо үлэмж хэмжээгээр эрс нэмэгдэж, үүнээс болж Гашуунсухайт хилийн боомтын орчимд зуу гаруй километр газарт түгжрэл үүсээд байв. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд 1.2 мянга орчим том оврын машинд нүүрс тээвэрлэх С зөвшөөрөл олгогдсон атал өнгөрсөн жил гаруйн хугацаанд дээрх тоо хоёр дахин нэмэгдэж, хоёр мянга гаруй хүнд даацын машинд Авто тээврийн үндэсний төвөөс С зөвшөөрлийг өгсөн нь тогтоогджээ. Энэ талаар нүүрс тээврийн компанийн удирдлагууд АТГ-т “С зөвшөөрлийг ямар шалтгаанаар гэнэт мянга гаруй машинд Авто тээврийн үндэсний төв олгосон болохыг шалгаж өгнө үү. Үүний цаана авлига хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашигласан хууль бус үйлдэл байж болзошгүй” гэх өргөдөл, санал гомдлыг өгсөн байна. 

Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор хяналт шалгалтыг АТГ-аас хийсэн бөгөөд АТГ-ын мөрдөн байцаах хэлтсийн алба хаагчид гүйцэтгэх ажиллагаа хийж, уул уурхайн нүүрс тээврийн компанийн нэгэн захирал Автотээврийн үндэсний Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяртай байнга холбоотой байгааг илрүүлсэн байна. С зөвшөөрлийг Д.Батбаярын ажиллаж байгаа хэлтэс олгодог юм байна. Тус компанийн олон зуун машин сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд С зөвшөөрөл шинээр авсан байжээ. 

Мөн хэлтсийн дарга Д.Батбаяр, компанийн захиралтай гар утсаар хоорондоо авлига өгч авалцах талаар ярьж байгааг ч прокурорын зөвшөөрөлтэйгөөр тусгай ажиллагааны хүрээнд тагнаж, чагнасан байна. Ингээд өнөөх захирал 15:40 цагийн орчимд Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярын өрөөнд оржээ. Энэ үед АТГ-ынхан Д.Батбаярын өрөөнд дайран оржээ. Дээрх хэргийг шалгаж байсан АТГ-ын мөрдөн байцаагч нарын хэлж байгаагаар Д.Батбаяр өрөөндөө 20 гаруй сая төгрөгийн авлига авсан байж болзошгүй ноцтой байдал илэрчээ. Нүүрс тээврийн компанийн захирал Авто тээврийн үндэсний төв рүү гартаа хар өнгийн дөрвөлжин хэлбэртэй гар цүнх бариад орсон байна. Энэ нь тус төвийн камерийн дүрс бичлэгт үлдсэн байдаг аж. Гэтэл нүүрс тээвэрлэлтийн компанийн захирлын барьж орсон цүнх Д.Батбаярын ажлын өрөөний ширээн доороос гарчээ. Тэр цүнхэнд 20 гаруй сая төгрөг байсан аж. Харин авлига өгсөн хэрэгт шалгагдаж байгаа компанийн захиралтай хамт явж байсан хүний цүнхнээс Авто тээврийн үндэсний төвөөс олгодог С зөвшөөрлийн бичиг олноор гарч иржээ.

Х.Онон

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна