Б.Арго: “Мөрөөдлийн театр”-ынхан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг доромжлон гутаахаа зогсоо

2017/12/18
Хошин урлагийн “Мөрөөдлийн театр” хамтлагийнхныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг доромжлон гутааж, бусармаг аргаар мөнгө олдог аргаа зогсоохыг шаардаж Ард түмний гавьяат багш Б.Арго өнөөдөр хэвлэлд хандлаа.

Тэрбээр ярихдаа,  “Би 2014 оны 11 сард өвчний улмаас баруун хөлөө тайруулахаас аргагүй байдал орсон. Өөрийн эрүүл мэндээ үл хайхран явсны минь гайгаар ийм байдалд хүрсэн. Тэр цагаас хойш хэвтрийн дэглэмд орсон. Хүнд өвчтэй тэр үед “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид “Мөрөөдлийн баг дэлхийн аварсан нь” хошин шогийн бүтээл хийсэн нь үнэндээ намайг доромжилсон хэрэг болсон. Тухайн үед Г.Эрхэмбаяр намайг дуурайхдаа эсрэгээр нь ууртай, гадаад хэл мэддэггүй, тэнэг хүний дүрээр гаргасан байсан. Энэхүү нэвтрүүлэг гарсны дараа би Г.Эрхэмбаярт хандаж хэлж байсан. Гэхдээ намайг элэглэхээс илүүтэй доромжлол байсан юм шүү.

“Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчдэд хандаж хэлэхэд, цаашид энэ үйл ажиллагаагаа болиосой гэж хүсэж байна. Уран бүтээл хийх гэж байгаа бол хийсэн шиг хийх хэрэгтэй. “Мөрөөдлийн баг дэлхийн аварсан нь” хошин шогийн бүтээл гэхээсээ илүүтэй доромжлол болсон. Хэдийгээр намайг элэглэн шоолж байгаа ч гэсэн үүний цаана олон мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гутаан доромжилж байна. Ийм зүйл хийчихээд олон телевизээр цацаж, бусармаг аргаар мөнгө олж байгаа та бүхэн одоо үүнийгээ зогсоох хэрэгтэй. Хиймэл хөлтэй байна гэдэг амаргүй. Ингэж хүний зовлонгоор олсон мөнгө та бүхэнд сайн юм болохгүй” гэлээ.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна