Ши Жинпиний авилгын эсрэг компанит ажил улам хүчээ авахын хэрээр Хятадын нөлөө бүхий албан тушаалтнууд амиа хорлох хэвийн үзэгдэл болоод байна. Сүүлийн 18 сарын хугацаанд 24 албан тушаалтан амиа хорлож, орон даяар ''амиа хорлох давалгаа'' гэгчийг үүсгээд байгаа юм. Өнгөрсөн Пүрэв гарагт л гэхэд Хятадын генерал өөрийгөө дүүжилж амиа хорлосон байдалтайгаар олдсон ажээ.
66 настай Жан Ян Хятадын коммунист намын Цэргийн төв комиссын гишүүн байсан ба Шинхуа агентлагийн мэдээлж буйгаар Жан наймдугаар сарын 28-нд Цэргийн төв комиссын авилгын хэрэгт холбогдсон хоёр генералын /Шу Цайхоу, Го Бошин/ хэрэгт хам хэрэгтнээр татагдаж, шүүхэд дуудагдсан байна.
Шу Цайхоу авилгын хэрэгт холбогдоод төд удалгүй хорт хавдар гэсэн оноштойгоор нас барсан бол Го Бошин бүх насаа чанга дэглэмтэй шоронд өнгөрүүлэх ялаа эдлэж байгаа аж.
Жан амиа хорлохоосоо өмнө ажлаа таслах болж Бээжинд болсон намын 19-р хуралдаа ч үзэгдээгүй гэнэ. Жан амьд ахуй насандаа авилга ихээр авдаг байсан гэсэн баримтуудыг ч Шинхуа агентлаг дэлгэжээ. Түүний нэр дээр маш олон тооны үл хөдлөх хөрөнгүүд бүртгэлтэй байдаг ба, ямар арга замаар эдгээр хөрөнгийг эзэмшсэн тодорхойгүй гэнэ.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна