Засгийн газар ирэх сараас тэтгэвэрийг 27 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргалаа

2018/01/19
Засгийн газрын хуралдаан 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр боллоо. Хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргав. 

Ирэх сараас тэтгэвэр 27 мянган төгрөгөөр нэмэгдэнэ 

Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийг ирэх хоёрдугаар сарын нэгний өдрөөс эхлэн 27 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн тооцож олгохоор боллоо. Ингэснээр 393 орчим мянган иргэний тэтгэвэр нэмэгдэж байна.

Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 280 мянган төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 243 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо. 

Нийгмийн халамжийн тэтэврийн хэмжээг нэмлээ

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг ирэх сарын нэгний өдрөөс эхлэн 155 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг сард 72 мянган төгрөг байхаар тогтоолоо. Нийгмийн халамжийн тэтгэвэр 15 мянга, асаргааны тэтгэмж зургаан мянган төгрөгөөр нэмэгдэж байна. 

Нийгмийн халамжийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгч нь нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхэд зэрэг халамж шаардлагатай 61 мянга гаруй хүн авдаг.

Байнгын асаргаа шаардлагатай иргэнийг асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 59 мянга гаруй иргэн нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж авч байна.

Энэ оны Төсвийн тухай хуульд нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэврийн хэмжээг нэмэхэд зориулж 17 тэрбум гаруй төгрөг баталсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна