БНСУ-ын Үндэсний ассамблейн байнгын хорооны дарга Ли Жинбоктой УИХ-ын дарга М.Энхболд уулзах үеэрээ “Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д айлчлахдаа хоёр орны харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэх саналыг тавьсан нь харилцааны цаашдын ирээдүйд чухал алхам боллоо. Энэ бол Монгол Улсын төр, засаг, ард түмний хүсэл эрмэлзэл юм. Бид БНСУ-ыг хөрөнгө оруулалтын гол түнш, ах дүүгийн харилцаатай ард түмэн гэж үздэг” хэмээн онцоллоо.
Тэрбээр БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудын цалин хөлс, даатгал, эрүүл мэнд гээд хөдөлмөрлөх болон хүний эрхийн асуудалд Үндэсний ассамблейн зүгээс анхаарал хандуулж байхыг хүслээ. Түүнчлэн удахгүй эхлэх гэж буй “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмыг БНСУ амжилттай зохион байгуулна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Ноён Ли Жинбок монгол иргэдийн аюулгүй байдал, хүний эрхийн асуудалд бид онцгой анхаарсаар ирсэн. Цаашдаа ч анхаарсаар байх болно гэж онцлоод, “Бүх салбарыг хамран амжилттай хөгжиж буй хамтын ажиллагааг улам өргөжүүлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх нь хууль тогтоох байгууллагуудын чухал зорилт юм. Тиймээс та бид энэ чиглэлээр их зүйл хийх нь төр, засаг, ард түмнийхээ өмнө хүлээх үүрэг, хариуцлага юм” гэв. Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдыг Пёнчаны олимпод зочноор оролцохыг урилаа.
Сэтгэгдэл бичигдээгүй байна