Д.Дагвадорж Х.Баттулгын уулзалтаар далимдуулан Д.Сумъяабазарыг пиардав

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзаж санал солилцсон юм. Энэ үеэр Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Д.Дагвадорж АСА станцаараа шууд дамжуулалт хийж, иргэдийн дунд орон Ерөнхийлөгчид хандан үгээ хэлж байгаа харагдав. Харин түүний энэхүү үйлдлийг “Д.Дагвадорж МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар ахынхаа пиарыг АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулгаар дамжуулан хийлээ” хэмээн хардах хүмүүс олон нийтийн сүлжээнд цөөнгүй байна.

Тэрээр уулзалтын үеэр, “Би 2008 оноос хойш Сонгинохайрхан дүүргийн иргэдэд японы тусламжаар түрэгний найман ширхэг тэрэг явуулсан. Харин үүнийг маань  Тэрбишдагва, Сумъяабазар тэргүүтэй хүмүүс өөрсдийнхөө пиар болгоод алга болгосон. Өнөөдөр тэр машинууд хаана байна. Сандаг-Очир тэргүүтэй Сумьяабазарын цэргүүдтэй хариуцлалага тооцох ёстой” хэмээн шүүмжлээд “Нийслэлийн дүүргүүдээс өнөөдөр хамгийн муу дүүрэг нь Сонгинохайрхан. Хамгийн их утаатай, хамгийн их гэмт хэрэгтэй, хамгийн их бохир дүүргээр нэрлэгдэж байна. Сонгинохайрханаас сонгогдсон улсын их хурлын гишүүд цалингаа нийлүүлээд ганц ч гэсэн цэцэрлэг бариад өгчих сэтгэл алга. Харин Сумъяабазар төсвийнхөө хөрөнгөөр гурван цэцэрлэг, нэг сургууль хийсэн байна лээ. Бусад нь хаана байна” хэмээн ахыгаа магтаад авахаа бас мартсангүй.

Д.Дагвадорж, Д.Сумъяабазар нарын тухайд хэдийгээр АН, МАН гэх хоёр өөр улстөрийн чиг баримтлалтай намд харьяалагддаг авч цаагуураа аль ч цагт нэгийгээ газардуулахгүй, хамт шүү гэх санаа түүний хэлсэн үгнээс цухалзаж байгаа нь нууц биш байна.

Үүнийг батлах ойрхоны нэгэн жишээ бол У.Хүрэлсүхийн Засгийн газарт Д.Сумъяабазарыг Уул уурхайн сайд болоход нь Х.Баттулга нөлөөлсөн гэх яриа юм. Учир нь Ерөнхийлөгчөөр дамжуулан Д.Дагвадорж У.Хүрэлсүхэд нөлөөлөн ахыгаа сайдын суудалд залсан талаар олон нийтийн сүлжээнд учир мэдэх хүмүүс бичицгээж байсан удаатай.

Х.Онон



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна