Хотын дарга Су.Батболд зуух л ярьж сууна

2018/01/22
Хотын удирдлагын баг сэтгүүлчидтэй зангиагүй уулзахдаа тайлангаа тавьж төлөвлөгөөгөө ч танилцуулав. Нэг ёсондоо Су.Батболд даргын сонгуульт дөрвөн жилийн хугацаанд нийслэлчүүдийн хувь заяа хэрхэхийг “зурсан”-аа танилцуулсан хэрэг. Түүний ажлаа авснаас хойшхи 1.6 жилд хийсэн ажил гэвэл нэлээдгүй өртгөөр бүтсэн “Улаанбаатарын намар”, “Face of beauty international” урлагийн томоохон арга хэмжээнүүд юм байна.

Харин ирээдүйн төлөвлөгөөг нь томоор харвал Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг 3500 албан хаагчтай нь Яармаг руу нүүлгэнэ гэхээс өөр  тоймтой зүйл хэлсэнгүй. Үүнээс илүүтэйгээр “Аз жаргалтай хот”-ын иргэдийн анхаарлыг хамгийн их татсан зүйл нь Хотын даргын утаатай тэмцэх шийдэл байв. Нэг үгээр хэлэхэд утаа гамшгийн хэмжээнд хүрч аюулын харанга дэлдэж эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ  хязгаарлуулчихаад байгаа 1.5 сая иргэнд хэдэн байгууллагыг нүүлгэж суулгахаас илүүтэй Улаанбаатарын утааг арилгах л нэн чухал хийгээд түүнийг шийдэх гарц л сонин байлаа. Гэтэл хотыг хөгжүүлэх бодлогыг зангидаж буй XXI зууны Хотын дарга зуух тараах талаар  дахиад ярилаа. Сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр Хотын дарга С.Батболд “Утааг бууруулахын тулд бүх чиглэлээр тэмцэнэ. Зуух ярилаа гэж шүүмжилж байна. Шүүмжиллээ гээд зуух тараахаас өөр арга байхгүй.Монголын уламжлалт ахуйд тохирсон хоол цайгаа чанаж болгодог зуухыг нэвтрүүлэхээс өөр аргагүй. Эхний ээлжинд 500 орчим сая төгрөгийг шийдэж байж агаарын бохирдлоос сална” гэлээ. Мөн Агаарын бохирдлыг бууруулах агентлаг байгуулж утаа гаргасан айлуудыг захиргаадаж эхлэх юм байна. Түлээ нүүрснийхээ үнийг хүчрэхгүй байгаа иргэдийг торгоод дарамтлаад ирэхээр хөлдөж үхэхээс өөр гарц үлдэхгүй нь гэсэн шүүмжлэл ч олон нийтийн дунд өрнөж байна. Хотын даргын хэлснээр гэр хорооллын 202 мянга гаруй айл өрхийн утааг утааг бууруулахад 10 жил хэрэгтэй гэв. Эндээс харахад өнгөрсөн арван жилтэй нийлээд лав 20 жилийнхээ хөгжлийг утаатай тэмцэхэд зарцуулах бололтой.

Өмнөх дарга Э.Бат-Үүлийн багийн ажлыг нийслэлчүүд аль хэдийнэ дүгнэчихсэн. Хотын захиргааг Сонгинохайрхан дүүргийн Ханын материалын эцэст байгуулах төлөвлөгөөг 3-4 жилийн өмнө гаргаж суурийг нь тавьсан.  Гэтэл өнөөдөр Яармагт сууриа тавихаар зэхэж байгаагаас төрийн албаны бодлого дарга солигдоход өөрчлөгдөж, тэр хэрээр мөнгөн дүн нь хэд дахин өсдгийн ганцхан жишээ энэ.

Хотын дарга сэтгүүлч­дийн элдэв асуултаас бултахдаа “Би бол УИХ, Засгийн газрын бодлогыг үг дуугүй биелүүлэх үүрэгтэй” гэж давтан тодотгосон. Гэтэл УИХ, Засгийн газрын төвшинд зуухнаас татгалзах санал санаачлага уриалга дэвшүүлж байхад үүрэг гүйцэтгэх ёстой С.Батболд дарга “Зуух тараахаас өөр аргагүй” хэмээн шал эсрэг зүйл ярьж байгааг ойлгоход бэрх аж.

С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна