Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Улсын дээд шүүх О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэх боломжгүй гэх шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбоотойгоор МАХН-ын дэд дарга С.Ганбаатар тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийж, “О.Баасанхүүг МАХН-аас албан ёсоор хөөсөн. Одоо МАХН УИХ-д суудалгүй нам болсон” хэмээн мэдэгдсэн юм.
Тэгвэл үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэр, “Улсын Дээд шүүхийн тогтоолыг бичгээр аваад, нарийн танилцаж үзнэ. Бичиг баримт нэмж бүрдүүлэх, баталгаа нэмж шаардах асуудлууд байхыг үгүйсгэхгүй. Тогтоолтой танилцаад, хүсэлтээ дахин өгнө. Намайг МАХН-ын эгэл жирийн гишүүд даргаараа сонгосон. Намын гишүүдийн санал, шийдвэрийг шүүх байгууллага үнэн, буруу гэж дүгнэдэггүй юм.
МАХН-ынхан намайг намаасаа хөөлөө гэж найм дахь удаагаа мэдэгдэж байна. Хэрэв би МАХН-ын гишүүн биш юм бол надад 228 сая төгрөгийг буцаан төлөх ёстой. Учир нь УИХ-д байгаа суудлынхаа тоогоор жил бүр 10 сая төгрөг, гишүүдийн мөнгө болгож 114 сая төгрөгийг МАХН авсан. Энэ мөнгийг МАХН-д олгож болохгүй гэсэн албан бичгийг Сангийн яаманд хүргүүлсэн ч Сангийн яам мөнгийг нь МАХН-нд өгчихсөн байна лээ. Хэрэв би МАХН-ын гишүүн биш юм бол хоёр жилийн 228 сая төгрөгөө буцаан авч, Орхон аймгийн иргэддээ зориулах байсан юм. Бадарчин баярлах болоогүй. Асуудалд үе шаттайгаар хандана. Захиргааны хэргийн шүүхэд ч хандана. Намын гишүүн байх эсэх нь тухайн иргэний эрхийн асуудал болохоос хэн нэгэн оруулдаг, хөөдөг үйл явдал биш” гэлээ.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна