НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор "Газрын Харилцаа" Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. НИТХ-ын Ажлын алба, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд өнгөрсөн нэг сарын хугацаанд иргэд аж ахуйн нэгжээс нийт 530 орчим өргөдөл, гомдол ирүүлснээс 70 гаруй хувь нь газрын албаны удирдлага зохион байгуулалт, ажилтнуудын ёс зүй, хүнд сурталтай холбоотой бөгөөд газрын харилцаатай холбоотой төрийн үйлчилгээ авахад маш хүндрэлтэй байдаг талаар иргэд дурджээ. Иргэдийн санал гомдлыг шийдвэрлэхгүй тодорхой хариу өгөлгүй олон жил хүндрүүлдэг, газар эзэмших эрхийг нь хууль зөрчин бусдад шилжүүлдэг, давхардуулан олгодог, шүүхийн шийдвэрийг зөрчин иргэдийг хохироодог зэрэг ноцтой зөрчил, дутагдлууд их байгаа нь эцэстээ үндэсний аюулгүй байдалд нөлөөлж мэдэх хор хохирол учруулж байгааг иргэд санхуулж байна. Дээрх асуудлуудаас үүдэлтэй гэр бүл салах, амь нас, эд хөрөнгөө алдах тохиолдлууд ч олон гардаг ажээ.
Нийт өргөдөл, гомдлын шийдвэрлэгдээгүй хугацааг ангилж үзэхэд 3-5 жил хүртэл 32%, 1-3 жил хүртэл 26%, 10-аас дээш жил 11%-ийг эзэлж байна.
Иргэдийн оролцоотой, олон нийтэд нээлттэй хэлэлцүүлгийг ийнхүү анх удаа өргөн хүрээнд зохион байгууллаа. Газар зохион байгуулалт, өмчлөлийн асуудлаар шийдвэр гаргагчид, иргэдийн нүүр тулсан хэлэлцүүлгийг зохион байгуулж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэх арга замыг хамтдаа эрэлхийлсэн нь иргэдийн талархлыг хүлээсэн томоохон ажил боллоо. Хэлэлцүүлгээс иргэдийн саналыг тусгасан зөвлөмж гаргаж газрын харилцаатай холбоотой хууль, эрх зүйн актын хэрэгжилтийг хангуулах, хяналтаа сайжруулж НИТХ-ын Өргөдөл, гомдлын хороог байгуулах, өргөдөл, гомдлыг шилжүүлэн, холбогдох арга хэмжээг шат дараалан авахаар тусгасан. Мөн Нийслэл, дүүргийн газрын албанд Газрын харилцаатай холбоотой хууль, эрх зүйн актын товч мэдээллийн санг нэгтгэн гаргаж олон нийтэд хүргэх. Газрын албаны үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, иргэдэд нээлттэй ил тод болгох, албан хаагчдын мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх, хүнд суртлыг арилгах, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авах, зөрчил гаргасан албан хаагчдад хариуцлага тооцох тогтолцоог бий болгох, иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлтийг хуулинд заасан хугацаанд түргэн шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг зөвлөмжид тусгаж холбогдох албадуудад үүрэг болгосон байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна