Хятадад тарьж ургуулсан генийн өөрчлөлттэй цагаан будааг АНУ-ын ''Хүнс ба эмийн хяналт, менежментийн газaр''-аас аюулгүй хэмээн батлаж, АНУ-руу экспортлохоор болжээ.
Вуханы Хуажон хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн энэхүү Хуахуй 1 нэртэй цагаан будааны аюулгүй байдал, агуулагдах шим тэжээлийн хэмжээ АНУ-ын ''Хүнс ба эмийн хяналт''-аар баталгаажсан учир ийнхүү гадаад уруу экспортлогдох зөвшөөрөлтэй болжээ.
АНУ-ын ''Хүрээлэн буй орчны хамгаалалтын агентлаг''-ын пестицидийн үлдэгдлийн түвшинг шалгах аюулгүйн шалгалтыг ч Хуахуй 1 будаа ажралгүй давсан гэнэ. Хуахуй 1 будаа хортон шавжны эсрэг үйлчилгээтэй ба шавж устгалын бодисын үлдэгдэл будаан дээр үлддэггүй гэдгээрээ онцлогтой.
Хуахуй 1 будааг 1998 оноос хойш бүтээн, сайжруулсан бөгөөд 2009 онд Хятадын Хөдөө Аж Ахуйн Яамнаас будааг шалгаж үзээд ''Био Аюулгүйн'' гэрчилгээг олгожээ.
Хятадууд бол генийн өөрчлөлттэй хөвөнгийн ургамал тариалдаг агуу туршлагатай ард түмэн юм. 150 давсан шавжны хамгаалалттай генийн өөрчлөлттэй хөвөнгийн ургамалыг 2008 оноос хойш 28,6 сая гектар талбайд тариалж байгаа ажээ. Генийн өөрчлөлттэй хөвөн тариалах болсноор шавж устгалын хорт бодис ашиглалтын хэмжээ 60%-иар буурсан гэнэ.
Хятадууд генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хамгийн чанд сахидаг учир Хятадын шинжлэх ухааны байгууллагуудаас хүлээн зөвшөөрч аюулгүй хэмээн батласан бүтээгдэхүүнүүдийг санаа зоволтгүй идэж болно хэмээн Хятадын Хөдөө Аж Ахуйн Яамны сайд өгүүлжээ.
Генийн өөрчлөлттэй Хуахуй 1 будаа ийнхүү амжилт авчирсан учир цаашдаа Хятадын Засгийн Газар гений өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний судалгаа, шинжилгээнд их хэмжээний хөрөнгө зарцуулж, хөгжүүлэх зорилго тавин ажиллаж байгаа гэлээ.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна