Төрийн өмчит компаниудын удирдлагуудад үүрэг өгөв

2018/01/23
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын удирдлагуудтай 2018 оны 1 дүгээр сар 22-ны өдөр уулзаж, Засгийн газрын 2018 оны 08 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор албан даалгавар өглөө.

Албан даалгаварт компанийн засаглалыг сайжруулж, ил тод нээлттэй байдлыг хангах, дээд шатны байгууллага, яам, төрийн захиргааны байгууллагын зардлыг санхүүжүүлэхийг зогсоох, компанийн удирдах ажилтнууд гадаадад дур мэдэн явахгүй байх, удирдлага менежментийг сайжруулах, үргүй зардлыг багасгах, өр, авлагыг бууруулах, тендерийг цахим хэлбэрээр, нээлттэй, ил тод зохион байгуулж, үндэсний үйлдвэрийн барааг тусад нь багцалж, тэргүүн ээлжинд авахыг тусгасан байна.

Мөн төрийн өмчит компаниудын удирдлагууд тухайн компанийн ажилтныг үндэслэлгүй ажлаас халсан тохиолдолд гарсан хохирлыг хувийн өмчийн эд хөрөнгөөр төлүүлэх, компанийн удирдлага, ажиллагсдын цалин, урамшууллыг компанийн эдийн засгийн үзүүлэлт, зорилтот түвшин, ашигт ажиллагаа зэргийг харгалзан тогтоох санал боловсруулж 2 дугаар сарын 15-ны дотор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар ирүүлэхийг даалгалаа.

Түүнчлэн энэ оны 4 дүгээр сард төрийн өмчит компаниудын захирлуудын контрактын гэрээг дүгнэнэ. Гэрээг дүгнэхдээ алдагдалтай ажилласан, төсөвт төвлөрүүлэх татвар, төрийн өмчийн ноогдол ашгийг төвлөрүүлээгүй, ТУЗ-ийн хуралдаа удаа дараа ирээгүй, байгууллага дээрээ дарамт, шахалт үзүүлдэг, ажиллагсадтайгаа ёс зүйгүй харьцах зэрэг алдаа дутагдал гаргасан удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахыг санууллаа.

Эх сурвалж: Төрийн Өмчийн бодлого, зохицуулалтын газар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна