Би эндээс явахгүй

2018/01/24
Би эндээс явахгүй. Энэ хотоос нүүхгүй. Хөдөө төрж, хөдөөдөө өсч, хөдөөнөөс ирсэн минь үнэн. Амьдрал хайж хот бараадаж, амь зуух гэж нийслэлд ирсэн эгэл нэг монгол. Намайг адлах хэрэггүй. Бүгд Найрамдах улсын бүрэн эрхт иргэний хувьд Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж, өөрийн амьдрах газраа чөлөөтэй сонгосон эрхэнд минь бүү халд.

Дэмий сэлгүүцэх гэж хотод ирээгүй, дэлгэсэн тэрлэг шиг нутгаа чамласандаа наашаа би зориогүй. Би эгэл нэгэн залуу хүн, эхнэр хүүхдээ тэжээх гэж  эхлүүлсэн амьдралаа дэвжээх гэж халуун сэтгэл өвөрлөж хатуу бүхнийг үзэж яваа эр хүн.

Нутагтаа сайхан амьдрах гэж олон оныг үдлээ гэвч болсонгүй. Хийх ажил хөдөөд алга, хэтэвчиндээ хийх мөнгө олдохгүй хэцүү байна. Мачийтлаа зүтгэж байж машин тэрэг авсан ч шатахууны өндөр үнэнд дөнгөлөгдөж, гүрийж тэвчээр зааж олсон хэдэн бор төгрөг минь гурил будааны үнийн хөөсрөлд үрэгдэж байна.

Таван ханатай гэрээ дөрвөн ханатай сууц болгох гэж насаараа мөрөөдлөө. Тарчигхан амьдралаа өөд нь татах гэж зөндөө хичээлээ. Ая тухтай амины сууцтай, аж ахуй эрхлэх өөрийн юмтай болох гэж хүссэн ч хүзүүгээр хясал татаж, барилгын материалын үнэ ханш багалзуурдан шахаж байна.

Алслагдсан бүсэд амьдрана гэдэг амь дүйсэн баатарлаг хэрэг болоод удаж байгааг анзаарах хүн л лав энэ хотод алга. Арга ядсан хөдөөнийхөн чинь их нүүдэл хийж, амьдралын эрхээр хот сууринг зорьж байгааг болгоо.

Бүсийн нэмэгдэлээр дэмжиж нутаг орныг минь хөгжүүлсэн бол, бүтэн бодлого хэрэгжүүлж алба татвараа хөнгөлсөн бол, арга ядахад шатахууны үнийг хотынхтой ижилхэн байлгаж, ажлын байр нэмэх үйлдвэр байгуулах санаачилгуудыг дэмжсэн бол олуулаа бид хотыг зорьж "орк" гэх доромжлолд чинь дөжирч суухгүй л байхсан.

Таван малын минь түүхий эд үнэд ортол, тал, хангай, говь алслагдсан бүсэд татвар гувчуур хөнгөртөл, иддэг хүнс, авдаг барааны үнэ адилхан болж хямдартал би эндээс явахгүй.

Утаа гаргалаа гэж намайг бүү зэмлэ эхнэр хүүхдээ осгоолтой нь биш, улсынхаа эгэл иргэнийг гадуурхаж бүү цамна уг гарвал минь ондоо биш. Дуртайдаа хотын утаанд хордож, дур зоргоордоо нүүрс түлж агаар бохирдуулаагүй. Эцэг өвгөд минь оршсон эх нутагтаа дургүйдээ энд ирсэнгүй.

Бүсийг минь чангалсан төрийн бодлого хүнээ бодож зөөлөртөл, бөртийтөл харагдах сумын минь төвд хөгжлийн гэрэл тустал би эндээс явахгүй.     

Эх сурвалж: Өдрийн сонин  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна