Өнгөрсөн амралтын өдрүүдээр компьютер дээрх хэрэглээний програмуудыг самбар дээр зурж, зааж буй багшийн зураг цахим орчныг шуугиулаад авсан. Ажилдаа хичээл зүтгэл гаргаж олны дунд нэр алдартай болсон багшийг Овура Кодво гэдэг бөгөөд тэрбээр өөрийн төрсөн Гана улсын Кумаси мужийн ЕБС-д багшилдаг ажээ. ''Хотоос алслагдсан суурингийн сургуулиудад хичээлд хэрэглэгдэх энгийн тоног төхөөрөмж хомс байдаг. Тиймдээ ч багш бүр өөрийн заах ёстой хичээлээ янз янзаар зааж, хүүхдүүдэд ойлгуулах аргыг эрэлхийлж байдаг. Миний арга бол самбар дээр зурж, тэдэнд заах юм. Би сурагчдадаа компьютерын ард суух үед нь хэрэг болох бүхий л мэдлэгийг олгохыг хичээж ажилладаг.'' хэмээн Овура хэлжээ.
Майкрософтын програмуудыг самбар дээр зурж, хүүхдүүдэд тайлбарлан ярих хичээл нь тун үр дүнтэй байдаг нь хүүхдүүдийн харцнаас илэрхий. Овурагийн зураг цахим ертөнцөд тархсанаас хойш Гана улсын ард иргэд Овурагийн хичээл зүтгэлийг үнэлж, 21-р зуун болчихоод байхад яагаад энэ сургуульд нэг ч компьютер байхгүй байгаа юм бэ хэмээн төр засагтаа буруу өгч, ''гомдоллож'' эхэлжээ.
Овура багшийн зураг дэлхий дахинаа тархаж, түүнд олон ч хүн зөөврийн компьютер, проектор хандивлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Овура хэний ч өгсөн зүйлсийг баярлан хүлээж авах бөгөөд, мөн түүнтэй адил хичээл заахад шаардагдах хэрэглэгдэхүүнгүй байгаа багш нарт туслах хүсэлтэй байгаа гэнэ.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна