АТГ-аас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. АТГ-т төрийн өндөр алба хашиж буй болон төрийн холбогдох албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөх хугацаа хоёрдугаар сарын 15-нд дуусгавар болсон байна. Хуульд заасан хугацаанд зохих шатны байгууллагын 40073 эрх бүхий албан тушаалтан хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах байснаас 40067 нь хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгчээ. Харин Төрийн өндөр албан тушаал хашдаг 272 албан тушаалтан мэдүүлгээ гаргах ёстой байснаас 271 нь бүртгүүлжээ. Нэг хүн буюу Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Б.Билэгт хуульд заасан хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөгүй байна. АТГ-аас хуульд заасан хугацаанд мэдүүлгээ гаргахыг удаа дараа сануулсан боловч мэдүүлгээ гаргаагүй учраас хуулийн дагуу түүнд хариуцлага хүлээлгэнэ гэв.
АТГ 2018 он гарсаар эхний хоёр сарын байдлаар 305 гэмт хэрэгт эрүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд 34 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бол 31 хэргийг хаах саналтай, гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар шийдвэрлэжээ. Шинээр 17 эрүүгийн хэрэг хүлээн авч, 237 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэв.
АТГ-аас 2018 оны эхний хоёр сарын хугацаанд 21 эрүүгийн хэрэг шүүхэд шилжүүлсэн байна. Түүний дотор Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярыг албан үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас удаа дараагийн үйлдлээр онц их хэмжээний хахуул авсан зэрэг асуудлууд багтжээ.
Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбогдуулан тус үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга н.Мөнхжаргал нарт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байгаа гэх мэдээллийг өглөө.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна