Шинэ дэр авахдаа анхаарвал зохих зүйлс

2018/02/27
Хүн унтах үед нуруу сээрний яс ямар нэг байдлаар муруйхгүй тэгш байх ёстой. Тийм байж чадаж байвалхүн бат бөх нойрсож сайхан амарч чадна. Дээшээ, хажуу тийшээ эсвэл доошоо харж унтсан ч хамаагүй нуруу сээрний яс заавал шулуун байх ёстой. Энэ л хамгийн зөв байрлал нь гэсэн үг. Тэгэхээр өөрийнхөө ямар байрлалаар унтдагаасаа шалтгаалаад дэрээ зөв сонгоорой.

Дэрний тухай үүнийг мэдэж байвал зохино:

- Дэр аль болох зөөлөн харимхай байх хэрэгтэй. Түнтийлгэж чихсэн хатуу дэрэн дээр хүн сайн амарч чаддаггүй.

- Дэр зөвхөн толгой дор биш хүзүүн доороос ивж байвал зохино.

- Дөрвөлжин, гонзгой хэлбэрийн дэрнүүд хүнийг сайн амраадаг.

- Дэргүй унтаж огт болохгүй.

- Ямар нэг харшилтай, тарганы улмаас их халууцдаг бол синтетик дэр хэрэглэвэл зохино. Ойр ойрхон угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Харин натураль дэрийг жилд хоёр удаа цэвэрлэж болно.

Та хаашаа харж унтдаг вэ? Хэрэв дээшээ харж унтдаг бол хатуу ч биш, бүр зөөлөн ч биш дэр байвал зохино. Орны матрас хатуу бол өндөр дэр сонгож болохгүй. Харин хажуу тийшээ харж унтдаг бол аль болох өндөр, хатуу дэр сонгоорой. Хэрэв та доошоо харж унтдаг бол зөөлөн жижиг дэр сонгох хэрэгтэй. Ингэснээр толгой дээш өргөгдөхгүй сайхан амарна.

Шинэ дэр авахдаа шалгаж үзэх хамгийн энгийн арга бол дэрийг хуйлж тавьж үзэх. Дэр хурдан тэнийж, анхны байдалдаа орох тусам сайн чанарынх байдаг. Дэрний даавуу нь дунд зэргийн нягттай байх нь сайн. Хэтэрхий нягт даавуутай дэрэнд агаар нэвтрэхгүй хөлөрч халууцна. Дэрийг долоо хоногт нэг удаа тагтан дээр гаргаж агаарт тавих хэрэгтэй. Өдөн дэрийг жилд хоёр удаа наранд хэдэн цагийн турш байлгаарай.

С.Тэргэл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна