М.Энхболд: Олон нийтийг бухимдуулж, оройтож морь мордуулсанд нийт иргэдээсээ хүлцэл өчиж байна

8 цаг 48 минутын өмнө
Засгийн газрын хуралдаанаас албан ёсоор товлогдоогүй байхад энэ сарын 18-ны өдөр "Дүнжингарав" хурдан морины уралдаан гуравдугаар сарын 18-нд Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулагдсан нь шүүмжлэл дагуулж байна. Энэхүү уралдааны үеэр 16 хүүхэд мориноосоо унаж, гурав нь хүнд бэртэл авсан талаар холбогдох төрийн байгууллага мэдээлсэн. Мөн тус уралдаанд Засгийн газрын тогтоол болох 12-оос дээш насны хүүхдийг хурдан морь унуулах зөвлөмжийг баримтлаагүй нь тодорхой болсон юм.

Тэгвэл уг асуудлаар УИХ-ын дарга, Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгч М.Энхболд мэдэгдэл гаргаж, ард түмнээс уучлал гуйжээ.

Тэрбээр энэ тухай мэдэгдэлдээ, "Миний бие гадаадад томилолтоор ажиллаж байсан тул "Дүнжингарав" уралдааныг зохион байгуулахад оролцоогүй. Олон нийтийг бухимдуулж, оройтож морь мордуулсан, хүүхдийн эрх ашгийг зөрчин, эрүүл мэндэд нь хохирол учруулсанд уралдаан зохион байгуулсан комиссын нэрийн өмнөөс нийт иргэдээсээ хүлцэл өчиж байна. Цаашид дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах, хариуцлага алдсан нөхдүүдэд хариуцлага тооцох асуудлыг холбооны Тэргүүлэгчид, ММСУХ-ны Их Хурлын хүрээнд нухацтай авч хэлэлцэх болно" гэжээ.  



Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна