П.Сэргэлэн: Энэ уралдаанд хариуцлага хүлээлгэх шаардлагатай бол бид хариуцлага хүлээхэд бэлэн

5 цаг 3 минутын өмнө
Хаврын Дүнжингарав уралдааны үеэр унаач хүүхдүүд  гэмтсэн, шөнө уралдаан зохион байгуулсан тухай мэдээлэл гарсан. Монголын Морин спорт уяачдын холбооноос Хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл өглөө. ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэн уралдааны талаар “Энэ удаагийн Дүнжингарав уралдааны онцлог нь Засгийн газрын тогтоолоор 12-оос дээш настай хүүхдүүдийг уралдаанд оролцуулсан. Уралдааны бүртгэлийг Баянтал суманд ХЭҮК, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас хяналт тавьж ажилласан.

Соёолонгийн уралдаан хамгийн сүүлд болдог. Соёолон уралдахын өмнө Их насны насны морьдын уралдааны үеэр маш их тоос гарсан. Уралдааны үеэр зөвшөөрөлгүй маш олон машинууд дайрч орж ирсэн. Бид уралдааны маршрутыг хийж, журмаа гаргаж, явцын хяналтыг тавьсан ч дийлээгүй. Үүнээс болж уралдааны явц сунжирсан.

Соёолон насны уралдааны өмнө хойшлуулах санал гарсан ч уяач, уралдаанч хүүхдүүд морин дээрээ мордоцгоож, хойшлуулах бололцоо байхгүй, өнөөдөр уралдаанаа дуусга гэдэг шаардлага тавьсан. Тэгээд морьдынхоо шүдийг үзээд уралдуулсан. Морьд эргэхэд гэгээтэй байсан. Уралдааны замын талд ирэхэд бүрэнхий болсон. Хамгийн гол нь зөвшөөрөлгүй машинууд дураараа орж ирсэн учраас маш их хүндрэл гарлаа.

Сүүлд Засгийн газрын тогтоол гарч хаврын уралдаанд 12-оос дээш настай хүүхдүүд уралдуулъя гэсэн. Энэ уралдаанд Засгийн газар тогтоол гаргаагүй. Харин уяачдын холбооны тэргүүлэгчдийн хурлаас энэ шийдвэрийг гаргасан. Дүнжингарав уралдаан 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ уралдааны үеэр ноцтой гэмтэл бэртэл гарч байсан тохиолдол байхгүй. Бүсийн Дүнжингарав уралдаан жилдээ ганц л болдог. Төсөв мөнгийг нь уяачид өөрсдөө гаргадаг.

Ерөнхий сайдын өгсөн чиглэлтэй холбоотой энэ уралдаанд хариуцлага хүлээлгэх шаардлагатай бол бид хариуцлага хүлээхэд бэлэн. Хамгийн гол нь хүүхдийн эрүүл мэндийн асуудал. Манай зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга гэмтлийн эмнэлэг дээр ажиллаж байна. Манай уралдаанд орсон 11 настай хүүхэд тархины хагалгаанд орсон асуудал байхгүй” гэлээ.

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна