АТГ С.Баяр, Д.Сугар нарыг дуудаж Эрдэнэтийн асуудлаар гэрчийн мэдүүлэг авчээ

2018/03/26
Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлаар АТГ хэд хэдэн хүнээс гэрчийн мэдүүлэг авчээ. Энэ талаар өнөөдөр хийсэн мэдээллийн үеэр тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог, “Эрдэнэттэй холбоотой асуудал дээр товчхон ойлголт өгье. Эрдэнэт үйлдвэр, Жаст компани Стандарт банкнаас зээл авсан асуудал дээр АТГ-т мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Тухайн үед холбогдолтой байсан хүмүүсийг нарийвчлан шалгах ажиллагаа явагдаж байна. Нэлээн гүнзгий, анхаарал татах асуудлууд бий. С.Баярыг гэрчээр татаж байцаалт авсан. Яллагдагчаар татаагүй.

Ш.Батхүү гэдэг хүнийг нэгбүрчлэн шалгаж байна. Стандарт банкаар ямар хэмжээний зээл авч, тухайн зээл юунд зарцуулагдсан бэ гэдгийг нарийвчлан шалгаж байна.  Энэ хэрэгтэй холбоотой Монголын томоохон ААН-үүд хамаарагддаг. Батхүүтэй холбоотой өмч хөрөнгийг шалгаж, бие биедээ бэлэглэсэн, илт бага үнээр худалдан авсан гэх мэт сэжиг бүхий зүйлсийг нь шалгаж байна.

ҮХЦ-ийн гишүүн Д.Сугарыг гэрчээр байцаалт авсан. Гарын үсгийг нь хуурамчаар зурсан байх магадлалтай гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Дахиж дуудна. Жаст компанийн Ш.Батхүүтэй холбоотой асуудал дээр Алтжин группийн захирал Алтангаас тайлбар, байцаалт, мэдүүлэг авсан байдаг. Одоо ч авна” гэх мэдээллийг өглөө.

Мөн Элчин сайд М.Энхсайханаас АТГ байцаалт авч байгаа гэдгийг дуулгав. Тодруулбал, түүнийг Таван толгойн орд газрыг ашиглах төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашигласан уу гэдгийг Нийслэлийн прокурорын газраас шалгаж байгаа бөгөөд уг асуудалтай холбогдуулан М.Энхсайхан өнөөдөр байцаалт өгөхөөр АТГ-т дуудагдан ирсэн байна.

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна