Бразилийн ерөнхийлөгчийн сонгуульд "Social Liberal" намаас нэр дэвшигч Жаир Болсонару сонгуулийн кампанит ажил явуулж байх үеэр олны өмнө хутгалуулжээ. Тэрбээр сонгуулиар хамгийн их санал авах магадлалтай нэр дэвшигч юм.
Ж.Болсонаро зүүн өмнөд нутгийн Жуиз де Фора хотод олон нийттэй уулзаж байх үед гэмт этгээд урдаас нь хутгалсан байна. Түүнийг ойролцоох эмнэлэгт яаралтай хүргэсэн бөгөөд хоёр цагийн турш хагалгаанд оруулжээ. Дор хаяж арван хоногийг эмнэлэгт өнгөрүүлэх шаардлагатай гэнэ.
Халдлагын дараа түүний хүү шарх нь өнгөц, аминаас хол байсныг мэдээлсэн юм. Гэсэн ч хоёр цагийн дараа “Харамсалтай нь, аавын минь биеийн байдал төсөөлснөөс муу байна. Тэр эмнэлэгт ирэхдээ маш их цус алдаж амьгүй мэт л байсан. Одоо түүний биеийн байдал дээрдэж байна” хэмээн твиттер хуудаснаа бичжээ.
Цагдаагийн газар халдлагыг үйлдсэн Аделио Обиспо де Оливейра нэртэй хэрэгтнийг баривчилсан байна.
Бразил улсын ерөнхийлөгч Мишел Темер “Ардчилсан улсад ийм хэрэг гарна гэдэг байж боломгүй зүйл. Болсонару удахгүй эдгэнэ хэмээн найдаж байна” гэжээ.
63 настай, хуучин цэргийн ахмад байсан, цахим ертөнцөд олон мянган дагагчтай Ж.Болсонаруг “Бразилийн Трамп“ гэж нэрлэдэг аж. Тэрбээр 1980 онд цэргийн хүчнийхний эрхийг хамгаалах үүднээс анх улс төрд хөл тавьжээ. Түүний баримталдаг бодлого, олны өмнө тавьдаг лекц, гаргаж буй тушаал нь авлигаас ангижрахад ихээхэн хувь нэмэр оруулсан гэнэ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна