У.Хүрэлсүх: Одоо 32/33-ын бүлэг гэж байхгүй. Би Я.Содбаатарыг сайдад нэр дэвшүүлнэ

2018/10/05
Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг өчигдөр УИХ-аас албан ёсоор үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүнтэй холбогдуулан МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өрөөнд хуралдсан билээ.

Тус хуралдааны өмнө МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан “УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Энх-Амгалан, Я.Содбаатар нар сайдад нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн.Хэнийг нь нэр дэвшүүлэх вэ гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэх учиртай.

Намын дарга, Ерөнхий сайдын хувьд Удирдах зөвлөл дээр нэр дэвшүүлэлтээ хийнэ. Удирдах зөвлөл дээр ямар нэгэн байдлаар санал хураалт болдоггүй. Намын дүрмийн дагуу Ерөнхий сайдын дэвшүүлсэн хүнийг бүлгээр хэлэлцэн, Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд УИХ-аар батламжилна” гэсэн мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм.

Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Одоо 32/33-ын бүлэг гэж байхгүй. Би Я.Содбаатарыг сайдад нэр дэвшүүлнэ. Намын дарга, Ерөнхий сайдынхаа бүрэн эрхийн хүрээнд Я.Содбаатарыг Зам, тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшүүлж байна” гэсэн байна. Ингэснээр ямар нэгэн санал хураалт явагдалгүйгээр Зам, тээврийн хөгжлийн сайдад Я.Содбаатар нэр дэвшихээр болжээ.

Тэрээр Удирдах зөвлөлийн хуралдаанаас гарч ирснийхээ дараа “Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөжлийн сайдад миний нэрийг дэвшүүллээ. Энэ бол МАН-аас надад өгч буй улс төрийн даалгавар юм. Амаргүй цаг үед төрийн ажлын ачаа авах даалгавар ирлээ гэж хүлээж авлаа” гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Я.Содбаатарыг зам, тээврийн хөгжлийн сайдаар томилохыг 100 хувь дэмжсэн билээ. Энэ нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэгэнт Я.Содбаатарын нэрийг оруулсан тул бүлэг, байнгын хороо, чуулганы хуралдааны үеэр МАН-ын гишүүд “хайрцаглагдсан” байдлаар түүнийг дэмжих нь тодорхой болсныг харуулав.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Ерөнхийлөгчтэй өмнө нь энэ асуудлаар албан бусаар зөвшилцөж, байр сууриа нэгтгэсэн гэгдэж буй. Тиймээс өнөөдөртөө багтан Ерөнхийлөгчтэй албан ёсоор зөвлөлдөж, Засгийн газраас УИХ-д томилуулах саналаа өргөн барих замаар томилгоог эцэслэх чигтэй байна.

Я.Содбаатар 1974 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн. 1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1-р 10 жилийн дунд сургууль, 1997 онд Улаанбаатар их сургуулийг физикч-инженер мэргэжлээр, 2004 онд Удирдлагын академи тус тус төгссөн.

Тэрээр 1997-1999 онд ШУА-ийн харьяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажлын гараагаа эхэлж, 1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан байна.

2005-2006 онд Үйлдвэр, худалдааны сайдын зөвлөх, 2006-2008 онд Үйлдвэр, худалдааны дэд сайд, 2009-2010 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, дарга, 2010-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн даргын албыг тус тус хашиж байсан.

2012 оны Улсын Их Хурлын сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж буй. 2009 онд Алтан гадас одонгоор шагнуулсан. Англи, орос хэлтэй.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна