Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн Сүхбаатар аймагт болж буй аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулийн сурталчилгаанд оройлон гүйж явна. Тэрбээр хамгаалалтын алба, бөхчүүдээр хүрээлүүлэн хувийнхаа машинаар айлуудаар орж ухуулга хийж хууль зөрчжээ.
Дэд сайд Ш.Лхамсүрэнгийн тухайд ердөө 14 хоногийн өмнө Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны даргаар томилогдсон аж. Дөнгөж томилогдсон даруйдаа Сүхбаатарт очиж орон нутгийн сонгуульд ямар ч аргаар хамаагүй ялалт байгуулахын төлөө улайрч, хуулийн хүрээнд ажиллахыг сануулсан хүмүүсийг үл тоомсорлон бүдүүлэг авирлаж явна. Түүнийг ухуулагчийн үнэмлэхгүй хэрнээ айлуудаар орж ухуулга хийсэн, сонгуулийн сурталчилгаанд зөвшөөрөлгүй, хувийн машинаа ашигласан гэх гомдлыг өрсөлдөгч намынхан нь баримтын хамт СЕХ-нд хүргүүлсэн байна.
Аймгийн ИТХ-д хоёр намын хүчний харьцаа эн тэнцүү болсон энэ үед АН-аас Аймгийн Засаг Дарга асан Ж.Батсуурийг нөхөн сонгуульд нэр дэвшүүлсэн нь МАН-ынхныг бүрэн бүрэлдэхүүнээрээ хөдөлгөсөн гэх.
Орон нутгийн жижиг сонгуульд хөрөнгө, хүч хаяж байгаа Ш.Лхамсүрэнд төрийн ажлаа явуулах, өвөлжилтийн бэлтгэл хангах гээд ажил мундахгүй байлтай. Нам төр, хувийн хэвшлийн аль алинд нь хутгалдаж яваа эрхэм сайд маань “Нүүдэлчин” группын ТУЗ-ийн даргын албан тушаалыг давхар хашдаг. Харамсалтай нь цалингаа ч тавихгүй байгаа талаар ажилтнууд гомдоллож эхэлжээ.
Дүнжингаравыг Шөнөжингарав болгосон балаг ч түүнтэй холбоотой. Засгийн газрынхаа шийдвэрийг зөрчин байж шөнө дөлөөр морин уралдаан зохион байгуулж унаач хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулсан. Дүнжингаравыг Шөнөжингарав болгосон шигээ “Дэд сайд”-ын гуншингаа “Нулимдаг сайд”-аар сольчих вий.
О.Сэргэлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна