Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Сумын засаг дарга нь гадны компанийн ТУЗ-ийн гишүүн болжээ

2018/10/09

Сүхбаатар аймагт сүүлийн хоёр жил уул уурхай идэвхжиж, лицензийн наймаа газар авч улстөр, бизнесийн бүлэглэлүүд нөлөөгөө тогтоож эхэлснийг нутгийн иргэд хэвлэлээр ярьж, бичих болсон. Иргэдийн яриаг баталж буй нэг баримт бол тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Мандахнар, Эрдэнэцагаан сумын Засаг дарга Ө.Батсайхан нар БНХАУ-ын Жин Жөү Бао Хуй ХХК-ийн оролцоотой “Андын илч” компанийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдсон байна.

Гишүүдийн урамшуулалд одоогийн байдлаар улиралд нэг сая төгрөг олгож байх тогтоол гарчээ. “Андын илч” компани өмнө нь ХЦ-ийн 019 дүгээр анги болон өмнөд хөршийн компанийн мэдэлд байсан. Өдгөө орон нутагт өмчийн 49 хувийг шилжүүлсэн нь сайн хэрэг боловч ТУЗ-ийн гишүүдийг сонгосон байдал шүүмжлэл дагуулаад байна.

Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын нэг компани, ХЦ-ийн 119 дүгээр ангийн хамтын эзэмшилд байсан “Андын илч” компанийн 49 хувийг орон нутагт шилжүүлсэн ч ТУЗ-ийн гишүүнээр ИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн болон тус намаас сонгогдсон сумын Засаг дарга гэхчилэн нэг намын хүмүүсийг сонгожээ.

Өдгөө Сүхбаатар аймгийн 13 сумын 12-т нь уул уурхайн нийт 127 лицензийг 78 аж ахуй нэгж эзэмшдэг. Сумын Засаг дарга нарын зүгээс аж ахуй нэгжид уул уурхайн зөвшөөрөл олгохдоо иргэдээс асуудаг тогтолцоог байхгүй болгох асуудлыг аймгийн удирдлага болон АМГТГ-т түлхүү тавиад байгаа юм.
 

Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна