Олон жил эрэн сурвалжлагдаж байсан мафийн боссыг Неаполь хот дахь нууц оромжноос нь баривчилсан тухай Италийн цагдаагийн газар өчигдөр зарлажээ. Каморра гэмт хэргийн бүлэглэлийн удирдагч Антонио Орландо 15 жил цагдаа нараас зугтаж, өөрийн хүмүүсийг далдаас удирдсаар байсан юм. 60 настай дээрэмчний хувьд “сайхан цаг үе нь дууслаа” гэж Италийн дотоод хэргийн сайд Маттео Сальвини энэхүү үйл явдалтай холбогдуулан мэдэгджээ.
Орландо нь спорт өрөө, саунаар тоноглосон тансаг байранд нууцаар амьдарч байсныг илрүүлсэн байна. Сауны суудал дор оргон зугтах нууц хаалга хүртэл суулгасан байжээ. Орландо амьдарч буй байрлалаа солихоор бэлдэж байгаад баригдсан гэнэ. Байрнаас нь 6,000 евро бэлнээр, мөн хүмүүстэйгээ харилцаж байсан мессэж бүхий төхөөрөмж олджээ. Каморра бүлэглэл нь Марокко, Испаниас хар тамхи оруулж ирдэг бизнесээр мэргэшсэн. Мөн аллага, сүрдүүлгийн хэргүүдтэй холбогдож байсан түүхтэй.
Каморрогийн боссууд Испаний газар дундын тэнгис дагуу эргийг “Costa Nostra” буюу “манай эрэг” гэж нэрлэдэг байсан нь тэдний нөлөөний бүсийг харуулж байгаа юм. Ингэхдээ тэд Сицилийн цуутай мафи “Cosa Nostra”-гийн нэртэй зориуд адилтгасан байна. Орландогийн гэр бүл Нуволетта бүлгийн удирдагчидтай худ ургийн хэлхээ холбоотой ажээ. Нуволетта нь “Загалмайлсан эцэг” кинонд гардаг Сицилийн Корлеоны мафитай холбоотой юм байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна