Хүн төрөлхтөн үүсч бий болсон тэр цагаас л хойш бид анхдагчийн талаар судлаж, түүхэнд үлдээж байдаг. Тэгвэл дэлхий дээр нийтийн тээвэр бий болсон цагаас хойш анхны жолооч, анхны тасалбар хянагч нарыг нэрлэхдээ зэрэгцэн хамгийн анхны эмэгтэй жолооч хэн бэ гэдэг асуулт урган гарна. Тэгвэл энэ асуултын учгийг тайлсан бүсгүй бол Швед улсын иргэн Маргит Клайссон байлаа. М. Клайссон дэлхийн хамгийн анхны автобусны эмэгтэй жолооч юм.
Тасалбар шалгагч хийдэг байсан Маргит Клайссон өөрийн найз бүсгүйн зөвөлгөөгөөр автобус барих сургалтанд сууж, 8 жилийн дараа буюу 1958 онд анх жолоо мушгиж, 1963 онд “Мастер” цолтой болжээ. 60 оны үед түүний талаар дэлхий нийтээр шагшин магтаж, олон эмэгтэйчүүдийн үлгэр дууриал болж байсан юм. 1961 онд Шведийн хамгийн том радио түүнтэй ярилцлага хийж, улмаар дэлхий нийт түүний талаар мэддэг болсон байна.
60 нас хүртлээ автобус барьсан түүний тухай богино хэмжээний кино байдаг бөгөөд түүний зураг “Trails Museum”-д хадгалагддаг юм. Өдгөө 94 настай Маргит Клайссон хэдэн жилийн өмнө хэвлэлд ярилцлага өгөхдөө “автобусны жолооч байхад хамгийн хэцүү зүйл нь өвлийн улиралд жолоо барих байсан” гэжээ.
Тэгвэл түүнээс үлгэр дууриал авсан өөр нэгэн анхдагч бүсгүй бол Америкийн хамгийн анхны эмэгтэй автобусны жолооч Мэри Уоллис юм. Арьс өнгөний үзэл сулраагүй байсан 1974 онд өнгөт арьс бүсгүй Мэри Уоллисийг Чикаго хотын авто тээврийн газар автобусны жолооч болгосон нь тухайн үед АНУ даяар шуугиан тарьсан мэдээ байлаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнээс ярилцлага авч, америк даяар тарснаар өнгөт арьс бүсгүйчүүд төдийгүй олон эмэгтэйчүүдэд урам зориг өгч байжээ. Мэри Уоллисийн талаар энэ онд Чикаго хотын СВS телевиз нэвтрүүлэг хийсэн бөгөөд хамгийн анхны жолоо барьсан талаараа ярихдаа “Миний анхны тээвэр 79-р өргөн чөлөөнд болж байсан. Хэдийгээр маш их сандарч байсан ч, олон эмэгтэйчүүдэд урам зориг өгөх том үүрэг хариуцлага, даалгавартай байсан тул бүхнийг даван гарч чадсан” гэжээ.
33 жил Чикаго хотын нийтийн тээвэрт хүчин зүтгэсэн Мэри Уоллис 2007 онд чөлөөндөө гарсан юм. 65 настай Мэри Уоллис төрөлх Чикаго хотноо нөхөр 3 хүүхдийн хамт амьдарч байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна