XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн шинийн нэгэнд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэлээ.
Сар шинийн баярт зориулсан битүүний барилдаанд улсын арслан цолтой хоёр бөх үзүүр, түрүүнд үлдсэн анхны тохиолдол болжээ.
Архангай аймгийн харьяат, улсын арслан Р.Пүрэвдагвын талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
-Архангай аймгийн Булган сумын харьят Ренчинбямбын Пүрэвдагва 1985 оны 11 сард мэндэлжээ. Даншиг наадам болон Ардын төрийн цорын ганц арслан Р.Пүрэвдагва бол хоёр талаасаа бөхийн удамтай ажээ.
-Түүний аавын талд улсын гарьд Д.Рагчаа, улсын харцага М.Батжаргал нарын бөхчүүд байдаг бол ээжийн талаас нь аймгийн заан н.Шагдар гэж хүн бий.
-Р.Пүрэвдагвад бөхийн спортын зааж өгсөн анхны багш нь Архангай аймгийн Ч.Буян гэж хүн байдаг. Харин одоо “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 150 дугаар анги, “Алтан дорнод Монгол”, “Хера холдинг” компанийн хамт олон, “Бөх билэгт” дэвжээний манлай бөх, дархан аварга Г.Өсөхбаяр, багш, үнэн хүчит гарьд Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг болон нутгийн бөхчүүд, мөн хүчний бэлтгэлийн багшаар Л.Болдбаатар ажилладаг байна.
-Тэрээр 2008 онд Архангай аймгийнхаа баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртэж байсан.
-Зуу гаруй жилийн өмнөх наадмыг сэргээснээр XXI зуунд даншгийн дархан аварга төрсөн нь Р.Пүрэвдагва байлаа. Мөн 1922 онд отгон Даншиг наадам зохиогдоход Архангай аймгийн харьяат Г.Вандан аварга түрүүлж байсан юм. Ийнхүү 93 жилийн дараа Архангай аймгаас Даншгийн арслан цолыг Р.Пүрэвдагва хүртэж байжээ.Улсын арслан Р.Пүрэвдагва Үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхийн спортоор хичээллэдэг бөгөөд ОУХМ цолтой.
Эх сурвалж:www.polit.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна