О.Амартүвшин МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдлоо

2019/03/01
МҮХАҮТ-ын хорьдугаар их хурал СТӨ-нд бүтэн өдрийн турш хэвлэлийнхэнд хаалттай болов. Өглөө 09.00 цагт эхлэх товтой хурал цагаасаа хоцорч эхэлсэн даруйд ширүүн маргаанаар үргэлжилсээр хаалттай болж шөнийн  03.00 цагт өндөрлөлөө.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид О.Амартүвшин, Б.Лхагважав, Ч.Ганхуяг, Б.Жаргалсайхан, О.Түмэнгэрэл нарыг нийт төлөөлөгчид заалнаас нэр дэвшүүлж өрсөлдүүлснээс О.Түмэнгэрэл нэрээ татаж О.Амартүвшин, Б.Лхагважав, Ч.Ганхуяг, Б.Жаргалсайхан нарын дунд санал хураалт болж, нийт төлөөлөгчдийн олонхийн саналаар UFC группийн ерөнхийлөгч О.Амартүвшин  МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.

Тэрбээр нийт 259 саналаар тэргүүлсэн бол Б.Лхагважав 127, Ч.Ганхуяг 73, харин Б.Жаргалсайхан 25 хүний санал авчээ.

“UFC”-гийн О.Амартүвшин нь MCS компанийн “Спирт бал бурам”, Мобиком зэрэг компаниас ажлын гараагаа эхлүүлж, 23 настайдаа маркетингийн албаны захирал болсон гэдэг.

Улмаар 25 настайдаа 2005 онд хувийн бизнесээ эхлүүлж, “UFC” группийг байгуулснаар залуу бизнесмений жагсаалтад өөрийн байр суурь эзлэх болсон юм.

Тэрээр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болсон шалтгаанаа “Аятайхан зөв бодлого бариад явсан бол нэр дэвшихгүй гэж бодож байсан. Харамсалтай нь, дөрвөн жилийн өмнөхөөс огт урагшилсангүй. Дэлхийн банкнаас гаргадаг бизнес эрхлэх орчны үзүүлэлтээр манай улс дөрвөн жилийн өмнөхөөс 10 гаруй байраар ухарчихлаа. Бизнесийн орчин дахь төрийн нөлөө, оролцоо ихэсч байна гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалт сайжирсан юм алга. Эдийн засгийн өсөлт долоо руу дөхсөн, өнөө жил найман хувь хүрнэ гэж ярьж байна. Энэ өсөлт бодит бизнес эрхлэгчдэд үр дүнгээ өгөөгүй” гэж тайлбарласан байдаг.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна