"Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авахад 72.4 хувь нь төрөөс, ХХБ-наас 27.6 хувь нь бүрдсэн"

2019/03/04
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл болон холбогдох материалуудыг Засгийн газрын хуралдаанаас нууцын зэрэглэлээс гаргахаар шийдвэрлэсэн.

Үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар "Баялагтаа эзэн Монгол" сэдвээр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мөнгөөр хууль бусаар худалдаж авсан байж болзошгүй таамаглалыг нотлох баримтууд, “Монголын зэс корпораци”-ийнхан санхүүжилтээ хэрхэн босгосон, хамжиж оролцсон нэр бүхий компаниудын эзэд нь хэн байсан, Монголбанк, Сангийн яам, Хөгжлийн банкнаас ямар аргаар нийт хэдэн удаа гүйлгээ хийсэн зэргийг тэрээр сэтгүүлчдэд тайлбарласан юм.

Худалдаа хөгжлийн банк, “Монголын зэс корпораци” хоорондоо холбоотой гэдгийг нотолсон баримт бас тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд байгааг ч тодотгосон. 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Санхүүгийн схем хэрхэн боссон талаар тайлбарлахдаа  “Эрдэнэт үйлдвэрийн хувийг худалдаж авсан хөрөнгийг дөрвөн эх үүсвэрээс босгосон. Тодруулж хэлбэл, Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг худалдаж авахад нийт хөрөнгийн 72.4 хувь нь төрөөс, Худалдаа хөгжлийн банкнаас 27.6 хувь нь бүрдсэн. 

Шүүх дээр Монголын зэс ХХК, Худалдаа хөгжлийн банк хоёр хоорондоо хамааралгүй гэсэн маргаан яваад байгаа. Гэтэл Эрдэнэбилэгийн байгуулалцсан компани гэдэг нь 32 дугаар тогтоол дээр байгаа. 

Сангийн яам, Хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэр, Монголбанканд мөнгө байсаар байтал худалдан авах эрхээсээ татгалзаж, бусдад давуу эрх олгосон. 

Энэ схемийг нотлох гэж цагдаад хандахад нотлох баримтуудыг өгөхгүйгээр Нийслэлийн прокурор хоёр жил дарагдуулсан. 
Монголын төр нэг компанид давуу эрх олгосон уу гэдгийг тогтоосны дараа хэлэлцээрийн ширээнд сууна" гэв.

Харин УИХ-ын гишүүн Ж.Бат-Зандан “Худалдаа хөгжлийн банк улсын хамаг өнгөтэй өөдтэй бүхнийг концесс, хувьчлал нэрээр авсан. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концесс нэрээр авсан. Хөтөлийн цементийн үйлдвэрийг луйвар аргаар авсан. 

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ч мөн ялгаагүй луйврын аргаар авчихлаа.  Монгол банк аж ахуй нэгжүүдэд зээл өгдөг байгууллага биш. Ямар том луйврыг хийдэг болсныг  дээрх мэдээллээс харж байгаа байх. 

Сангийн сайд Эрдэнэбат байхдаа их хэмжээний мөнгөнд баталгаа гаргаж өгсөн байсан. Өмнө 500 сая долларын баталгаа гаргаж өгч байсан түүх байхгүй. Ийм зүйл байдаггүй.

 Эрдэнэтийн 49 хувийг ОХУ-аас авчрахдаа улсын мөнгөөр авчирсан байна. Засгийн Газрын гишүүд МАНАН бүлгийн гишүүд нийлж авсныг хурлын протоколоос тодорхой харж болно.

 Тухайн үед Ерөнхий сайд байсан Ч.Сайханбилэг,  Аж үйлдвэрийн сайд асан Эрдэнэбат нар ОУ-ын гэрээ хуулиар Засгийн газар Эрдэнэтийг худалдан авах бүрэн боломж байсан  ч давуу эрхээсээ татгалзаж ХХБ-нд өгсөн. Бусад нь  дуугүй дэмжсэн” гэлээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна