Эрдэнэтийн 49 хувийг эзэмшигч "Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн удирдлагуудыг баривчилсан нь өнөөдрийн дуулиан болж байна.
Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр "Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэргийг ЦЕГ, АТГ хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. Хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн. Үүнтэй холбогдуулж, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг баривчилсан гэсэн юм.
Өчигдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "49 хувийг худалдан авсан 400 гаруй сая ам.долларын 72.4 хувийг төрөөс, үлдэх 27.6 хувийг Худалдаа хөгжлийн банк гаргасан байх магадлалтай. Энэ схемийг хууль хяналтын байгууллага яаралтай шалгаж тогтоох шаардлагатай" гэдгийг сануулсан.
Харин маргааш нь ийнхүү "Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн удирдлагууд болон "хэн ч таньдаггүй" гэх ХХБ -ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг байцааж саатуулсан нь тийм ч гайхах зүйл биш болов уу.
/Эрүүгийн Цагдаагийн албанд байцаагдаж байсан ХХБ -ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг авч явж буй байдал/
Дөнгөж сая "Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Мөнхбаатар "Манай компани төрөөс ямар нэг байдлаар мөнгө аваагүй. Ирж мэдүүлэг өг гэсэн учраас мэдүүлэг өгөх гээд ирж байна.
Би 4-5 удаа ирсэн. Ц.Пүрэвтүвшин дарга ч надаас олон удаа ирсэн байх. Бид санхүүгийн мэдээллээ бүгдийг нь төрийн байгууллагад гаргаж өгсөн. Бид мэдээлэл нуугаагүй. Энэ бол хувийн байгууллага руу төр дайрч байгаа хэрэг. Худалдаа хөгжлийн банкийг манайд зээл өгсөн гэж буруутгаж байгаа юм шиг байна.
Өнгөрсөн онд бид ногдол ашиг аваагүй. 49 хувийг төр буцаан авна гээд байгаа гэтэл бидний гэрээ хүчингүй болвол 49 хувь Монголын Засгийн газарт биш "Ростех"-ийн мэдэлд шилжинэ гэдгийг тэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа шүү дээ" гэсэн хариу тайлбар хийв.
Товчхондоо бид төрөөс сохор зоос ч аваагүй гэж гүрийж. Гэвч тэдний босгосон мөнгө "НО"-той гэдгийг маш олон баримтаас харж болохоор байгаа.
Тэгэхээр энэ бол заавал шалгаж учрыг нь олох ёстой ноцтой зүйл мөнөөсөө мөн. Гэхдээ нэг зүйлийг бид мартаад байх шиг.
Нэг компанид давуу эрх олгож, УИХ-аар асуудлыг оруулахгүйгээр хууль зөрчин шийдвэр гаргасан тухайн үеийн Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтай яагаад хариуцлага тооцохгүй байна вэ.
Л.Оюун-Эрдэнэ сайд өчигдөрхөн
“Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувийг авах боломж тухайн үеийн Засгийн газарт байсаар байхад үүнээсээ татгалзаж, хувийн аж ахуйн нэгжид давуу байдал олгосон" гэж дүгнэхийг улс даяараа сонссон. Эрх ашгийн төлөө юу ч хийж чаддаг хүмүүс улс орныг удирддаг юм байна гэдгийг бид бүгд харсан. Бүх зүйл маш тодорхой байхад яагаад хуулийн хариуцлага тэдэнтэй тооцохгүй байна вэ?
Т.Хэрлэн
“
Сэтгэгдэл бичигдээгүй байна