Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу нийгмийн захиалгыг гүйцэтгэх ажил урагшилсаар байна. Тодруулбал, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан буюу УИХ-аар хэлэлцэж буйч төсөлтэй уялдуулж, хоёр, гуравдахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг хүлээсэн Ажлын хэсгийнхэн өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа хуралдсан. Тэгвэл тус Ажлын хэсгийнхэн Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналаас цөөн хэдээс бусдад нь санал нэгдэж, УИХ-аар хэлэлцэж буй төсөлтэй нэгтгэн томьёолохоор болсон юм. Тодруулбал, байгалийн баялгийн өмчлөл, ашиглалт, шүүх эрх мэдэл, засаг захиргааны нэгж, нутгийн удирдлагын тогтолцоо түүнчлэн УИХ-ын гишүүдийн тоо, бүрэн эрхийн хугацаа, сонгуулийн тогтолцоо зэргийг нээлттэй үлдээж, дахин ярилцахаар тогтоосон. Ерөнхийлөгч байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал болон Төв банктай холбоотой гурван саналаа татан авчээ. Харин олны анхаарлын төвд буй шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах зорилгоор тусгасан хэсэгт өөрчлөлт оруулсан байна.
Төрийн тэргүүн Улсын Дээд шүүхийн шүүгчдийн тоо, мөн Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлж, Ерөнхийлөгч түүнийг батламжлахтай холбоотой хэсгийг хасах санал гаргасан. Үүнийг Ажлын хэсгийнхэн хүлээн авчээ. Ингэснээр УИХ-ын гишүүдээс өргөн барьсан төсөлд Улсын Дээд шүүхийн шүүгчийг 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохоор тусгасныг хасч харин шүүгчид тавих шалгуурт оруулж буй өөрчлөлтийг хэвээр үлдээсэн байна.
Учир нь, УИХ-ын гишүүдийн санаачилсан төсөлд тусгасан шүүгчдэд тавих болзол, шалгуурын талаарх заалтыг иргэдийн олонх дэмжсэн тул ийм шийдэлд хүрчээ. Ийн хэлэлцэж шийдвэрлэсэн талаар зөвшилцлийн Ажлын хэсэгт танилцуулж, мөн УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэж санал, байр сууриа нэгтгэх юм.Үүний дараа ажлын дэд хэсэг болон УИХ-ын 68 дугаар тогтоолоор байгуулсан Ажлын хэсгийнхэн хэлэлцэж, саналын томьёоллыг эцэслэснээр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх юм.
“Эцэг” хуульд өөрчлөлт оруулах ажил ийн үргэлжилж байна. Энэ талаар сүүлийн арваад жил ярьж эхлүүлсэн ч хэдэнтээ бүтэлгүйтсэн удаатай. Гэсэн ч өөрчлөлт оруулах зайлшгүй нөхцөл байдалд тулгуурлан нийгмийн захиалгаар энэхүү ажлыг эхлүүлээд байгаа билээ. Ингэхдээ гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах, парламентын ардчиллыг төлөвшүүлэх, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох болон байгалийн баялаг эдийн засгийн бусад асуудлаар өөрчлөлт оруулж байгаа.
Эдгээрээс гадна сүүлийн үед хамгийн их асуудал дагуулж, олон нийтийн шүүмжлэлд өртөөд буй шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах чиглэлд мөн өөрчлөлт оруулж буй. Энэ хэсгийг эрдэмтэн судлаач төдийгүй н энгийн иргэд хүртэл дэмжиж г буй. Гэтэл Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн төсөл саналдаа шүүх засаглалтай холбоотой хэсгийг хасах талаар тусгасанд асуудлын учир бий. Товчхондоо, иргэд, залуусын хүслийг Ерөнхийлөгч саналаараа, “хазаарлав”. Иймд энэ талаар болон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд залуучууд ямар байр суурь, үзэл бодолтой байгаа талаар сонслоо.
Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийг “томилсон этгээд” нэрээр авахыг санаархаж байна
“Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүүн Т.АМАРЗАЯА:
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж буй энэ цаг үед хамгийн эхэнд иргэний үүргээ биелүүлэн санал бодлоо илэрхийлж байна. УИХ-ын нэр бүхий 62 гишүүний болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл, саналтай танилцаж, маш сайн харьцуулсан. Мөн дэд ажлын Хэсгийнхнээр төслийн үзэл санааг тайлбарлуулсан. Залуус бид төрсөн цагаасаа л хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэмд амьдарсаар ирсэн. Харамсалтай нь, ил харагдах байдал нь парламентын тогтолцоотой, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөт нийгэм мэт харагддаг ч шийдвэр гаргах түвшиндээ хяналт, тэнцэл алдагдсаар нэг хүнд эрх мэдэл төвлөрсөөр иржээ. Үүний нэг тод жишээ бол өнгөрсөн хавар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар бүх шатны шүүгчийг Ерөнхийлөгч томилдог болсон явдал юм. Ерөнхийлөгчийн санал “шүүгчийн сахилгын хороо”-гоор дамжуулж, шүүгчийг түдгэлзүүлэх, халах, сахилга ногдуулах эрхийн “томилсон этгээд” гэдэг нэрээр дахин өөртөө авах оролдлого хийхээр санаархаж байна. Энэ үйлдлийг бид ардчилсан улсын иргэний хувьд, шударга шүүхээр шүүлгэх эрхэд халдаж байгаа “ноцтой” үйлдэл гэж харж байна. Гэхдээ Ерөнхийлөгчийн саналд авууштай, дэмжмээр санал цөөнгүй. Жишээ нь, давхар дээлийг хориглосон, Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг сунгах санал боломжийн санагдсан. Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжсэн анхны саналыг дордуулахгүйгээс гадна ардчилсан үндсэн хуулийнхаа үзэл санааг авч үлдэхийн тулд харилцан зөвшилцлийг маш сайн хийж, шүүхийн хараат бус байдлын хэсгийг авч үлднэ гэж найдаж байна. Аль нам байхаас үл хамаарч, иргэд ялангуяа залуу үе, эрдэмтэн, судлаач, мэргэжлийн холбоодынхоо байр суурийг анхаараасай л гэж бодож байна. Шүүхийн хараат бус байдлыг бий болгох нь шударга шүүхээр шүүлгэх эрхтэй шууд холбоотой тул хүн бүрт хамаатай сэдэв. Тиймээс иргэний нийгмийн залуучуудын байгууллага нэгдэж, залууст тэнцвэртэй мэдээлэл хүргэж, байр сууриа илэрхийлэх зорилгоор “Үндсэн хуульд Иргэдийн оролцоо” цахим санаачилгыг эхлүүлсэн.
Үе үеийн төрийн тэргүүн өмнөхөө буруутгаж, өөрийн эрх мэдлээ нэмэгдүүлдэг
Хуульч, өмгөөлөгч С.ХАЛИУНАА:
-Хуульч мөн иргэн хүний хувьд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг анхааралтай ажиглаж байна. Ялангуяа шүүх эрх мэдэл, шүүгчийн хараат бус байдал хамгийн их анхаарал татаж байгаа. УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөлд Ерөнхийлөгчийн саналаас аль зохицуулалтыг уялдуулж шийдвэр гаргах вэ гэдэг их чухал болоод байна. Нийгэмд үүсээд байгаа авлига, шүүхтэй холбоотой асуудлын гол шалтгааныг шүүгчид улстөрч тэр дундаа Ерөнхийлөгчөөс хараат байгаагаас үүдэлтэй гэж үздэг. 1992 онд анх баталсан Үндсэн хуультай өнөөдрийнхийг харьцуулахад маш том ялгаатай. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд ажиллаж байсан Ерөнхийлөгч бүгд эрх мэдлээ нэмэгдүүлсээр ирсэн. Нийт 54 хуульд өөрчлөлт оруулах, батлах замаар эрх хэмжээгээ нэмэгдүүлсэн. Хамгийн сүүлийн жишээ бол яах аргагүй Шүүгчийн томилгооны асуудлыг шийдвэрлэх болсноор Ерөцхийлөгч шүүх эрх мэдлийг өөрөөсөө хараат болгосон. Нээлттэй нийгэм хүрээлэнгээс 2015 онд хийсэн судалгаанд оролцсон 187 шүүгчээс 96 нь шүүгчийн хараат бус бие даасан байдалд нөлөөлдөг субьектээр томилох болон улс төрийн албан тушаалтныг нэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, шүүгчийн хараат бус байдалд хамгийн их нөлөөлж буй гол субьект бол шүүгчийг томилж байгаа Ерөнхийлөгч, улс төрийн албан тушаалтан гэсэн үг.
Шүүгчдийн хараат бус байдлыг дээрдүүлж, томилгоог улстөрчдөөс ангид байлгах төслийг хэлэлцэхийн оронд үүнийг улам дордуулж шүүгчийг огцруулах, түдгэлзүүлэх эрхийг нэмж олгох хувилбарыг хэлэлцэж байна. Үе үеийн төрийн тэргүүн өмнөх Ерөнхийлөгчийг буруутгах замаар өөрийн эрх мэдлээ нэмэгдүүлдэг дүр зураг харагдаж байна.
УИХ-ын 62 гишүүн өргөн барьсан төсөлдөө дэлхийн шилдэг жишгийг нэвтрүүлээгүй ч одоо байгаа зохицуулалтыг дээрдүүлсэн гэж харж байгаа. Иймд хуульчийн хувьд УИХ-ын 62 гишүүнийн өргөн барьсан, одоо хэлэлцэж буй төслийг дэмжиж байна. Ерөнхийлөгч томилдог бус батламжилдаг болсноор шүүх эрх мэдэл нэг хүнээс хэт хараат байх эрсдэлийг саармагжуулсан.
“Давхар дээлтэй” болох боломжийг хааснаар хяналт илүү тэнцвэртэй болно
Хуульч, судлаач М.МӨНХЖАРГАЛ:
-Үндсэн хууль бол аливаа улс орны “эцэг” хууль буюу эрх зүйн суурь баримт бичиг байдаг. Энэ утгаараа Монгол Улсын Үндсэн хуулийг бүх ард түмний төлөөллийг оролцуулж 1992 онд баталсан. Иймд энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд мөн адил бүх ард түмний саналыг тусгаж, сайтар шүүн тунгааж, зөвшилцөж тохиролцсоны үндсэнд батлах ёстой гэж үзэж байна. Хуульч, өмгөөлөгч, судлаачийн хувьд олон жилийн туршид боловсруулан сайжруулж, баяжуулж ирсэн төдийгүй эрдэмтэн, судлаачдын байр суурь болон хөндлөнгийн судалгаанд үндэслэсэн гэдгээр нь УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан төслийг хувьдаа дэмжиж байгаа. Тухайлбал, 2015-2016 онд хийж байсан хуульч, судлаачдын судалгааны үр дүн болох Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоо тав байгааг нэмэх, сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчийг Ерөнхийлөгч шууд баталдаг байх, томилохоос татгалзах үндэслэлийг хуульчлах, шүүгчээр томилж, батлах хугацааг зааж өгөх зэрэг судалгааны бодит үр дүнд үндэслэж, боловсруулсан нь сайшаалтай байна. Гэхдээ энэ төсөлд өөрчилмөөр, мөн тусгаагүй асуудал бий. Ерөнхийлөгч үүнийг олж харан зарим асуудлыг тусгаж оруулсан тал бий. Төрийн тэргүүний өргөн барьсан төсөл саналын зарим заалтыг дэмжиж байгаа.Тодруулбал, Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байж болохгүй, шүүхийн үндсэн тогтолцоо Дээд, давж заалдах, анхан шатны шүүхээс бүрдэнэ гэсэн заалтыг дэмжиж байна. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн болох боломжийг хааснаар хууль тогтоох ба гүйцэтгэх эрх мэдлийн давхардлыг салгаж, илүү хяналт тэнцвэртэй болгох боломж бүрдэнэ. Мөн хүн амын нягтрал, хэрэг маргааны ачааллаасаа хамаарч шүүхийг байгуулах нь иргэдэд болон шүүхийн үйл ажиллагаанд , үр дүнтэй, дэвшилттэй алхам болно гэж харж байгаа. Учир нь, 2014-2016 онд манай улс шүүхийн тогтолцоондоо үүнийг туршсан нь үр дүнтэй болсон гэж үздэг.
Тогтвортой байдал, хариуцлагыг нэмэгдүүлнэ гэж найдаж байгаа
Хүний эрхийн активист Ш.САРАНХӨХӨӨ:
-Иргэний нийгмийн байгууллагад ажилладаг залуу хүний хувьд тогтолцооны өөрчлөлт, институцийн чадавх, тогтвортой байдлыг чухалд авч үздэг.
Үндсэн хуульд оруулах энэ удаагийн нэмэлт өөрчлөлтийн төсөл болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналгай танилцсаны дараа бүхэлд нь биш тодорхой заалтыг дэмжиж байгаа. УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төслийн ажлын хэсэг дэх судлаачдын тайлбар, үндэслэлийг сонссоны дараа ялангуяа УИХ-ын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах, Засгийн газрын хариуцлагыг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хангах, шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой гурван хэсгийг ерөнхийд нь дэмжиж байгаа.
Жишээлбэл, манай улс сонгуулиас хэдхэн сарын өмнө Сонгуулийн тухай хуулиа өөрчилдөг жишиг тогтоод удаж байна. Ийм үед сонгуулиас өмнөх нэг жилд хуульд өөрчлөлт оруулахыг хориглож өгсөн нь энэ явдлыг эцэслэх боломж юм. Өнгөрсөн удаагийн сонгуулиар сарын өмнө хуульд өөрчлөлт оруулж байсан удаатай. Түүнчлэн, сонгуульд ялсан намын пропорцоор албан тушаалыг хуваадаг нь мөн л төрийн ажлын залгамж халаа, тогтвортой байдлыг алдагдуулдаг. Энэ нэмэлт өөрчлөлтөөр энэ мэт асуудлыг өөрчлөх боломжтой гэж харсан Үүнээс гадна парламентын хугацааг таван жил болгох Ерөнхийлөгчийн саналыг бас боломжтой хувилбар гэж үзэж байна. Учир нь, сонгуулийн өмнө болон дараа “төвхнөх” гэж нэлээд хугацаа зарцуулдгаас болж, Засгийн газрын дундаж нас хоёр жил гэж дүгнэдэг. Би хуульч биш ч УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төслийн шүүх эрх мэдлийн хэсгийг иргэдийн адил дэмжиж байгаа. Ялангуяа авлигатай холбоотой томоохон хэргийн шүүгчид улс төрийн нөлөөллөөс ангид, хараат бус байх тогтолцоог бий болгох шаардлагатай. Харин байгалийн баялагтай холбоотой хэсгийг дахин "сайжруулж, иргэдийн саналыг авах хэрэгтэй болов уу.
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл бичигдээгүй байна