МАН-ын бүлэг УИХ-ын гишүүдийг 108 болгох Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй гэв

2019/08/16
ИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр буюу тав дахь өдрөө үргэлжлэх байсан ч ирэх Даваа гараг хүртэл хойшилсныг тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдлээ. 

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Манай намын бүлэг Ерөнхийлөгчийн санал болон Зөвшилцлийн ажлын хэсгийн шийдвэрүүдийн талаар дөрвөн өдөр хуралдлаа. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй.   Одоогоор ард нийтийн санал асуулга явуулах, гишүүдийн тоог нэмэх, УИХ-ын бүрэн эрхийг нэмэгдүүлэх, сонгуулийн тогтолцоог холимог болгох гэсэн асуудлууд дээр Ерөнхийлөгч болон АН-тай зөвшилцөж, ойлголцох шаардлагатай байна. 

Өчигдрөөс Ерөнхийлөгч болон АН-тай зөвшилцөх ажил хийгдэж байгаа ч тодорхой шийдэл гараагүй байна. АН-ын гишүүд орон нутагт ажиллаж байгаа учраас ирэх Даваа гарагт хуралдаж, эцсийн шийдээ гаргая гэсэн байдалтай байна. 

АН-ын зүгээс ард нийтийн санал асуулга явуулах, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болъё, УИХ-ын гишүүдийн эгүүлэн татдаг болъё, өрийн дээд хэмжээг Үндсэн хуулиар тогтооё, УИХ-аас баталдаг, орон нутагт эдийн засгийн эрхийг нь нэмэгдүүлье гэдэг саналууд тавьж байгаа. Ирэх долоо хоногт ээлжит бус чуулган хуралдана. 

МАН-ын бүлгийн хувьд УИХ-ын гишүүдийг 108 болгох саналыг хүлээж авахгүй гэж байгаа. Өчигдөр бүлгийн гишүүдээс цаасаар санал авсан. Санал асуулгаар зөвшилцлийн үргэлжлүүлэх үү үгүй юу гэдгийг асуусан. Үүн дээр гишүүд зөвшилцөл үргэлжлэх ёстой гэсэн байр суурьтай байсан учраас энэ ажил үргэлжилж байна.  Сонгуулийн тогтолцооны асуудал дээр бүлгээс шийдвэр гаргаагүй байна. 

Шүүх засаглалтай холбоотой асуудлыг тухайд Ерөнхийлөгчийн зүгээс “62 гишүүний өргөн барьсан төсөлд миний бүрэн эрхэд халдсан заалтууд байна. Үүнийг анхаараач ээ” гэж байгаа. Манай бүлэг үүнийг эцэслэн шийдээгүй байна” гэлээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна